Нүүр хуудас Соёл урлаг 2017 Оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн материал хүлээн авна

2017 Оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн материал хүлээн авна

139
0

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2017 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авна.

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг.

2017 оны Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчид дор дурдсан журамд заасан материалыг бүрдүүлж, 2017 оны 12 сарын 15-24-ний өдрийн хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт ирүүлсэн байна.

Холбогдох утас: 51 264449, 99054668

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хавсралт

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулахад энэ журмыг мөрдөнө.

1.2. Жил бүр тайз, дэлгэцийн найруулагч, тайз дэлгэцийн жүжигчин, тайз, дэлгэцийн зураач, хөгжимчин, дуучин, бүжигчин мэргэжлээр болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.5-д заасан билэг авьяастан тус бүр нэг хүнийг шалгаруулна.

Хоёр. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх

2.1. Шилдэг уран бүтээлчид соёл, урлагийн байгууллага, хуулийн этгээд нь нэр дэвшүүлнэ.

2.2. Байгууллага, хуулийн этгээдэд хамаардаггүй энэхүү журмын 1.2-т заасан иргэнийг тухайн орон нутгийн Засаг дарга нэр дэвшүүлж болно.

2.3. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхэд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

2.3.1. уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет;

2.3.2. эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;

2.3.3. уран бүтээлийн жагсаалт;

2.3.4. шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх үндэслэл, туурвисан бүтээлүүдийн онцлог, үр дүн, ач холбогдол;

2.3.5. тухайн онд улс болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар.

2.4. Нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах зорилгоор видео, аудио бичлэг, CD, фото зураг, бусад баримт ирүүлж болно.

2.5. Байгууллага нь баримт бичгийг тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

2.6. Энэхүү журмын 2.5-д заасан хугацаанаас хоцорч ирсэн баримт бичгийг хүлээн авахгүй.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа

3.1. Шилдэг уран бүтээлчийг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан орон тооны бус зөвлөл (цаашид “зөвлөл” гэнэ) шалгаруулж дүгнэлт гаргана.

3.2. Зөвлөл нь мэргэжлийн уран бүтээлч, найруулагч, соёл, урлаг судлаач, мэргэжлийн сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.3. Зөвлөл нь нэр дэвшигдсэн уран бүтээлчийг сонгон шалгаруулах ажлыг жил бүрийн 01 дүгээр сарын 31-ний дотор зохион байгуулна.

3.4. Зөвлөл нь нийт гишүүдийн 85-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, олонхийн саналаар шилдэг уран бүтээлчийг шалгаруулах дүгнэлт гаргана.

3.5. Зөвлөлийн гишүүн нь нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн багш, хамт ажилладаг болон төрөл садангийн хүн нь байвал тухайн чиглэлээр асуудлыг хэлэлцэх, санал хураахад оролцуулахгүй.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шилдэг уран бүтээлчийг шалгаруулсан тухай шийдвэр гаргана.

4.2. Шилдэг уран бүтээлчид батламж, 3.0 (гурван) сая төгрөгийн урамшуулал олгоно.

4.3. Шилдэг уран бүтээлчийг урамшуулах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

4.4. Шилдэг уран бүтээлчийн урамшуулалд олгох нийт хөрөнгийн 9 хувьтай тэнцэх хөрөнгийг уран бүтээлчийг сурталчлах, батламж хэвлүүлэх, зөвлөлийн гишүүдийг урамшуулахад зарцуулна.

4.5. Шилдэг уран бүтээлчийг урамшуулахад зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here