Монголын байт харвааны холбооны ээлжит их хурал энэ сарын 10-нд Чингис хаан зочид буудалд болно. Тус хурлын үдээс өмнөх хуралдаанаар Боловсрол судлалын доктор, дэд профессор Ш.Долгор “Тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдал”, Технологийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Г.Энхтайван “Тамирчны хоол зүй”, Боловсрол судлалын доктор, дэд профессор С.Туул “Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагаа, түүнийг хөгжүүлэх нь”, СЭЗИС-ийн багш Б.Гүндэгмаа “Тамирчны сахилга бат, ёс зүй” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх юм байна.
Харин үдээс хойш Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан Их хурлын дэгийг танилцуулж, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлж, батлуулан дөрвөн жилийн ажлын тайлангаа тавих аж.
Түүнчлэн Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн бүтээн байгуулалтын тайлан, танилцуулгыг тус холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд, “Үндэсний шигшээ багийн өнөөгийн байдал, хэтийн зорилт”-ыг Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Ю.Ганзориг сонордуулах гэнэ.
Тус холбооныхон энэ их хурлаар “2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлого”-ыг хэлэлцүүлж батлахаар төлөвлөжээ.
Монголын байт харвааны холбооны хувьд 2019 он тун хариуцлагатай жил аж. Учир нь ирэх жил 2020 оны Токиогийн олимпийн эрх олгох хоёр ч том тэмцээн болох бөгөөд эдгээр тэмцээнд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатай гэнэ.
Дашрамд дуулгахад, Монголын байт харвааны холбоо тамирчдаа Японд бэлтгэл хийлгэх асуудлаар тус улсын Оказаки хотын төлөөлөгчидтэй уулзаж, тохиролцсон байна.