Ройс голоор довтоллоо, тэр баруун тийш Санчод хаялаа, Санчо гоол. Пако сэлгээгээр орж ирлээ, тэр тун удалгүй гоолдов. Тоглогчид тоглолтын дараа фэнүүддээ талархлаа илэрхийлж байна.
Иймэрхүү дүр зураг бүтэн намаржин Бундэслигийн стадионуудаар давтагдав. Энэ багтай холбоотой хүн бүхэн л нүүрэндээ инээд цацруулсан намар өнгөрсөн. Тэр байтугай намрын аваргын сүүлийн өдөр багийн босс суудлаасаа босон харайж хойд индэр дэх фэнүүдийнхээ дунд хамт цэнгэлдэж байсан.
Тэд 42 оноотойгоор Байернаас 6 онооны урд лигийн завсарлага авсан. Багийн түүхэн дэх 2 дахь топ үзүүлэлт. Аваргуудын лигт Атлетиког хожсон. Бүх юм нь шинэ энэ багийн ийм амжилт гаргасны нууц юу байсан бэ таван шалтгааныг хэлье.
Нэг. Мэдээж дасгалжуулагч.
Луциэн Фаврэ Германы лигийг сайн мэднэ. Хэртад 2 жилийг үдсэний дараа Гладбахт ирж он удаан жилийг өнгөрүүлсэн. Одоогийн ахлагч Марко Ройс тэр үед түүний удирдлага дор лигийн шилдэг тоглогч байлаа.
Орчин цагт том жижиг багуудын ялгаа ховордсон. Талбай дээрх жижигхэн зүйлүүд л тоглолтын ялгааг гаргадаг болсон цаг. Чухам энэ жижиг деталиуд дээр тэр маш сайн ажиллаж чадсан. Өрсөлдөгч нь хамгаалалтаа анхаарч самгардах үед дортмундчууд үл ялиг жаахан алдаан дээр нь маш хурдтай ажиллаж гоолдчихсон тохиолдол их гарсан.
Хоёр. Шинэ бүтэц
Багийн ерөнхийлөгч Ватцкэ, спортын захирал Цорк нар өөрсдийн эрх мэдлээсээ заримыг нь бусдад шилжүүлсэн. Карриераа энэ багт үдсэн Кеэлийг 1-р багийн удирдагчаар томилж, Заммерийг хөндлөнгийн зөвлөгчөөр тохоов.
Шинэ мэргэжилтнүүд багийн наймаанд нөлөөлөх болсноор ирээдүйтэй залуус багт ирсэн. Багт бүтцийн ямар нэгэн шинэ салхи оруулах байсан, тэр нь одоо биеллээ олж буйд таатай байна хэмээн Цорк одоо дурсан сууна.
Гурав. Багийн баланс
Өнгөрсөн улиралд хар шарууд довтолгоо мундаг байсан. Гэхдээ 12 гоолтой яваа Алкасер, ирээдүйд аварга үнэ хүрэх Санчо нарын ачаар энэ улиралд довтолгоо шинэ төвшинд очсон.
Үүнээс илүү чухал нь харин энэ улирлын хамгаалалт. Витцелийн наймаа нүдээ олсон наймаа болсон. Арын шижигнэсэн залуус түүнтэй маш сайн ойлголцож тоглоод байгаа.
Дөрөв. Зузаан бүрэлдэхүүн
Өнгөрсөн зун наймааг ч бужигнуулах шиг болсон доо. Яаж энэ олон шуудайд хийсэн үхрийн эвэрний учрыг олно доо гэж байтал Фаврэ гайхалтай залсан. Сүүлийн өдрийн топ тоглолтыг л санъя.
Гладбахын эсрэг сэлгээний сандал дээр Якооб Брүүн Ларсен, Пулишич, Вольф, Дахуд… гээд л гараанд гардаг тоглогчид сууж байсан шүү. Алкасер гэмтээд суухад Гөтцэ ороод л 2 гоол хийчиж байгаам. Арын албаны 3 гол хамгаалагч гэмтсэн байхад ноднин факталж байсан Топрак, төвийн хагас Вайгл нар маш сайн орлож тоглосон.
Тав. Өлсгөлөн
Хар шарууд хамгийн сүүлд цом авсан хугацаа нь тийм ч хол биш. Ердөө жил хагасын өмнө тэд Холбооны цомыг авсан. Гэхдээ лигийн цом авсан хугацаа нь бол 6 жилээр тоологдоно. Энэ бол тун удаан мөч.
Ялангуяа багийн ахлагч Ройс хэн хэнээс илүү их цангаж байгаа. Түүний тоглолтоос ч энэ харагддаг. Тэр энэ улиралд урьд өмнөхөөсөө илүү зүтгэлтэй тоглож байгаа. Талбайн хаана л бол хаана гүйж, маш олон гоол дамжуулалт хийж байгаа.
via-Спорт цонхын Олонбаяр