“Дэлхийн залуучуудын олимп”-ын наадамд явахаар өрсөлдөж байна.
Энх тайван, сайн сайхны илэрхийлэл хэмээн дэлхий нийтээр Олимпын наадам буюу спортын наадмыг хүлээн авдаг.
Тив дэлхийн залуусыг нэгэн дор нэгтгэж, авхаалж самбаа, хөдөлмөр зүтгэлээрээ өрсөлдөх боломжийг олгодог Дэлхийн залуучуудын олимпийн их наадам ирэх аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест хотод болох гэж буй.
Анхны залуучуудын зуны олимпыг 2010 онд Сингапурт зохион байгуулж байсан бол удаах нь БНХАУ-ын Наньжинд болсон юм.
Тэгвэл гурав дахь наадам одоогоос таван сар гаруйн араа Аргентинд зохион байгуулагдах гэж байна.
Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид төрөл бүрт тус наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна.
Энэхүү наадмаас Монголын баг тамирчид 2010 онд чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн харайлтын төрөлд Г.Эрдэнэболд нар алт, жүдо бөхийн холимог багийн төрөлд О.Дөлгөөн хүрэл медаль хүртэж байлаа.
Хоёр дахь наадам урд хөршид болоход чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн болж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.
Наньжины наадамд хүндийг өргөлтийн тамирчин Б.Анхцэцэг шагналт IV байр эзэлж байв.
Тэрбээр өнгөрсөн онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн удаатай.