~Жоди Микс дахин нэг улирал Визардс багт тоглоно~
Жоди Миксийн Уизардс багтай байгуулсан гэрээ ёсоор 2018-2019 оны улиралд 3.5 сая долларын цалингаар үргэлжлүүлэн тоглох эсэхийг тоглогч өөрөө шийдэх эрхтэй гэж зааж өгсөн байжээ.
Тэгвэл Жоди Микс тэрхүү эрхээ эдэлж, дахин нэг улирал Визардс багт тоглохоор шийдсэн байна.
Микс өнгөрсөн хавар НБЭ – ээс хориглосон эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож 25 тоглолтоор торгуулсан билээ. Улмаар ирэх улирлын эхний 19 тоглолтыг өнжихөөр болсон.
Өөрийн буруутай үйлдлээс болж оролцоогүй тоглолтуудын цалинг Уизардс баг түүнд өгөхгүй. Өөрөөр хэлвэл Уизардс баг цалингаас нь 600,000 орчим долларыг суутгана гэсэн үг.
30 настай Миксийн хувьд өнгөрсөн улиралд 77 тоглолтод оролцож 14.5 минутад 6.3 оноо дунджилсан юм. Тэрээр 2009 оны драфтын 41 дэх сонголтоор НБЭ – д хөл тавьснаасаа хойш нийт 6 багт тоглож 9.3 оноо дунджилжээ.