Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж буй жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэг Узбекистан Улсын Ташкентад өндөрлөсөн жүдо бөхийн Гранпри тэмцээнээс медаль хүртэж чадсангүй.
Тэрбээр 48 кг-ын жинг тэргүүлэн барилдсан ч хоёрдугаар тойрогт Азербайжаны Гурбанли Аишад ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.Отгонцэцэг аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Аби-Дабигийн “Их дуулга”-д мөн л хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний хувьд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш хоёр тэмцээнд оролцсон ч медальд хүрч чадсангүй.
Казахстан улсын гавьяат тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг 48 кг-ын жинд дэлхийн чансааны зургаад бичигдэж байна. Түүний хувьд ирэх сард Японд болох чансаа өндөр жүдочид оролцдог “Мастерс”-т өрсөлдөх боломжтой юм.
Г.Отгонцэцэг энэ жилийн ДАШТ-д М.Уранцэцэгийг ялж, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хоёр жил дараалан ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.