Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны вэб хуудаснаа өчигдөр /2018.11.01/ мэдээлжээ.
Энэ тухай “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Мягмаржав хэлэхдээ “Монгол Улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол Улсын багийн спортын түүхэнд тохиож буй, эзэн орны хувиар зохион байгуулах анхны ДАШТ юм” гэжээ.
ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд тус насны ангиллаар Ази тивээс хүрэл медалийг, мөн саяхан болж өнгөрсөн Хүүхдийн олимпийн наадамд оролцсон амжилттай байгаа билээ.