Нүүр хуудас Спорт Монголчууд анх удаа “Дакар ралли”-д хүч үзнэ

Монголчууд анх удаа “Дакар ралли”-д хүч үзнэ

184
0
dakar-rally
Монгол улсаас анх удаа ATV&UTV ангилалд баг оролцоно

Автомашины спортын олимп гэгдэх алдарт “Дакар ралли-2019” уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 6-нд эхэлнэ. Зөвхөн Перу Улсын нутаг дэвсгэр дээр 5000 км замыг туулах манай тамирчид бэлтгэлээ хангасаар байна.

Уг уралдаанд манай улсаас анх удаа ATV&UTV ангилалд баг оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, механикч Б.Баттөр, сэтгүүлч Б.Онон нар багтжээ. Уг тэмцээнд оролцох баг хэд хэдэн анхдагчтай. Тодруулбал, тэдний дакарт уралдах төрөл нь анхных.

Мөн Монголоос анх удаа энэхүү нэр хүндтэй уралдааныг сурвалжлах сэтгүүлч ажиллахаар болсон. Ирэх арванхоёрдугаар сард Перуг зорьж 41 дэх удаагийн “Дакар ралли”-д хурд сорих баг тамирчдыг Монголын автомашин мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү хүлээн авч уулзан амжилт хүссэн байна.

Уулзалтын үеэр Г.Батхүү баг тамирчдаа бүхий л талаар туслаж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлж, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарт олон улсын автомашины холбооны лиценз гардуулжээ. Ингэснээр манай тамирчдын олон улсад уралдах эрх албан ёсоор нээгдэж байгаа юм. Энэхүү лиценз нь Олон улсын автомашины холбооноос Монгол Улсын нэр дээр бүртгэгдэн олгогдож буй анхны тохиолдол юм.

Монголын багийнхан “Дакар ралли”-д уралдах төмөр хүлгээ хүргэж өгөхөөр өчигдөр холын замд гарсан. Тэд Москва-ЛатвиЛитва-Польш-Герман-Бельги-Парис-Ле Хаври гэсэн маршрутаар 13 мянган км зам туулснаар Атлантын далайн эрэгт хүрч усан онгоцоор уралдааны төмөр хүлгээ Перу руу ачих гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here