Нүүр хуудас Спорт Монгол бахархал Н.Түвшинбаяр: Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй

Монгол бахархал Н.Түвшинбаяр: Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй

306
0

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

“Чингис хаан одонт” эрхмүүд,

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, Монголын сор болсон хүмүүс, хайрлаж хүндэтгэж явдаг ахмадууд, багш, зочид төлөөлөгчид өө,

Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт монголчууддаа Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн минь сайхан өвөлжиж байна уу.

Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна.

Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна.

Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ.

Энэ бүгд сэтгэл зүрхэнд минь гүн бат уяатай-Миний эх орон.

Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддог оо. Энэ медаль Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм аа.

Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой, тэр зорилгынхоо төлөө тууштай, шантралгүй хөдөлмөрлөх юм бол хүн бүхэнд боломж байдаг гэж би боддог оо.

Энэ өдөр монгол хүн бүхэн

Эх орон, монгол хүнээрээ бахархаарай.

Монгол бахархлыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой.

Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ.

Монголоо гэсэн сэтгэлийг хойч үе, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

Миний бие цаашид өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чармайн зүтгэх болно.

Агуу их төрийн минь сүлд өнөд ивээж, төрийн нуруу түвшин, түмэн олны минь заяа өөдөө байг ээ.

Та бүхэндээ баярлалаа,

Монгол түмэндээ баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here