Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан өндөрлөлөө. Наадмын барилдааны үзүүр, түрүүний даваанд олон жил дээшээ барилдана хэмээн ард түмэн найдлага тавьдаг байсан хоёр харцага үлдсэн юм. Ийнхүү Монгол Улсын харцага Ц.Содномдорж ес даван түрүүлж, улсын арслан цолны болзол хангалаа. Улсын харцага Ө.Бат-Оршихын хувьд найм давсанаар гарьд цол хүртэж байна.
Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваанд дөрвөн харцага, хоёр аварга, харцага цолны болзол хангасан хоёр аймгийн арслан барилдаж улсын харцага Н.Жаргалбаяр улсын аварга Г.Эрхэмбаяраар, улсын харцага Ө.Бат-Орших улсын аварга С.Мөнхбатаар, улсын харцага Ц.Содномдорж харцага цолны болзол хангасан аймгийн арслан М.Бадарчаар, улсын харцага Н.Түвшинбаяр улсын харцага цолны болзол хангасан аймгийн арслан О.Хангайгаар долоо давж заан цолны болзол хангалаа.