Нүүр хуудас Спорт МУГТ Ч.Цэвээнпүрэв: Би “МОНГОЛЫН ДАЙЧИН” гэдэг хочтой

МУГТ Ч.Цэвээнпүрэв: Би “МОНГОЛЫН ДАЙЧИН” гэдэг хочтой

382
0
boxschin-TSeweenpurev
Мэргэжлийн боксын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв

ГАДААДЫН ТАМИРЧИД МОНГОЛЧУУДЫГ ӨРСӨЛДӨГЧИДТЭЙГЭЭ РИНГЭН ДЭЭР ДАЙСАН БУУГААД НАЙЗ БОЛДГИЙГ ХАРААД ГАЙХДАГ

Мэргэжлийн боксын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвтэй ярилцлаа.

-Таны амжилтыг залуучууд хараад Монгол хүн дэлхийн дэвжээнд ийм ялалт байгуулж чаддаг юм байна гэсэн сэтгэгдэлтэй болсон байх?

-Тийм. Анх би Г.Оюунболд багшийн удирдлага дор хичээллэхдээ олимпийн алт, мөнгөн медальт Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай хамтарч бэлтгэл хийдэг байсан. Тэр үед би 23 настай байсан. Тэгэхэд манайхан “Өдийд сайн амжилт гаргаагүй юм чинь ингэсээр байгаад нас нь явах нь. Шал дэмий спорт хөөсөн болох вий” гэж ярьдаг байлаа. Тэгвэл би өнөөдөр 40 хүрсэн хэрнээ нас ахисан гэж бодолгүй зүтгээд дэлхийн аварга боллоо.

-Спорт залуу хүний ажил гэж боддогоос тэгж бодсон байх?

-Яг үнэн. Дороос залуучууд гарч ирж байна. Би удахгүй “Амбаардуулж, халаагаа өгөх юм байна” гэж бодохоор амжилт ирэхгүй. Өөрийгөө улам хөгжүүлээд адилхан үзэлцээд л байх хэрэгтэй. Ер нь гадны орны тамирчид намайг жаахан басамжлах шинжтэй байдаг.

-Яаж мэдрэгдэв?

-Ямар нэгэн том тэмцээний өмнө бэлтгэлийн өрөөнд сууж байхад янз янзаар хараад л. Намайг өлхөн барчихмаар санагддаг байлгүй. Би тэдэнд “Хүүхдүүд минь өөрсдийгөө сайн хамгаалаарай. Би нүдээд, нүдээд л явчихна шүү” гэж хэлдэг. Тэгээд л ялчихаад рингээс буухад тэд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өнгөрсөн өвлийн дэлхийн аваргын тэмцээнд финалд ялагддаг 22 настай залуу намайг багийнхантайгаа рингнээс бууж, хувцас сольдог өрөөнд орж иртэл хүлээгээд сууж байна. Би ч яах гэж байгааг нь асуулгүй хувцсаа сольж байтал манай багийнхан түүнд баяр хүргээд “Чи манай шилдэг тамирчинтай сайн тулалдсан шүү. Чамд ирээдүй байна” гэж хэлэхэд тэр их гайхсан.

-Яагаад гайхсан юм бол?

-Тэр монголчуудыг өрсөлдөгчидтэйгээ рингэн дээр дайсан буугаад найз болдгийг хараад “Ямар сайхан сэтгэлтэй ард түмэн юм бэ” гэж бодсон гэсэн. Тэр залуу манайхны үгэнд маш их урамшсан.

-Таныг яагаад хүлээж байсан юм бэ?

-Надаас зөвлөгөө авах гэж байсан юм билээ. Одоо миний өрсөлдөгч бас үнэнч фэн болсон.

-Та Англид хэдэн онд очсон билээ?

-2000 онд. Сүүлийн гурван жил эх орондоо ирж, очин байсан. Өмнөх жилүүдэд байнгын бэлтгэлтэй суурьшсан. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг үгийг батлах гэж зүтгэсэн минь талаар болоогүйд баяртай явдаг.

МЭРГЭЖЛИЙН БОКСЧНЫ АРД ГУРВАН ХҮН БАЙХ ЁСТОЙ

-Тэгхэд хэдэн настай байсан бэ?

-29. Намайг хүмүүс хүүхдээрээ байна гэж ярьдаг байсан. Монголчуудын сэтгэхүй наснаасаа эрт өтөлж байгаа нь мэдрэг­дэж байгаа биз.

-Хүний нутаг таныг хэрхэн хүлээж авч байв?

-Мэдээж таатай хүлээж аваагүй.

-Яагаад заавал Англи улсыг зорих болсон юм бэ?

-Тэр үед манай улсад энэ спорт сайн хөгжөөгүй байсан. Тэгээд ч миний найз О.Алтанпүрэв энэ улсад мэргэжлийн тулааны шоу зохион байгуулдаг байсан юм. Одоо Монголын кикбокс, тулааны спортын холбооны нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа. Тулааны спортод өөрийгөө сайн хөгжүүлсэн хүн. Би түүнийг Брюсле гэдэг юм. Хөл гарын цохилт, хараа гүйцэгдэхгүй шахуу хурдтай. Тэнд хамт ажилладаг байсан дасгалжуулагчдаа “Манай нэг найз Монголд байгаа. Энд ирвэл тулааны спорт ямар байдгийг харуулж чадна. Авчирч болох уу” гэсэн юм билээ. Тэр багш нь “Юу ч гэсэн аваад ир” гэж. Ингээд над руу урилга явуулж, миний энэ түүх эхэлсэн.

-Та хоёр хамт бэлтгэл хийдэг байв уу?

-Тийм. Би анх тай боксын клубт хамт бэлтгэл хийдэг байсан юм. Клубийн ойролцоо нэг өндөр уул байдаг. Бид хоёр өглөө бүр 07:00 цагт гүйнэ. О.Алтанпүрэв хөнгөн жингийн хүн болохоор их хурдан. Ихэвчлэн түрүүлж оргилд нь гарна. Гадуур явж байхад түүнийг танихгүй хүн бараг байхгүй. Гар бариад, мэндлээд бөөн юм болно. Төд удалгүй бид хоёр өөр өөр клубт харьяалагдсан.

-Ганцаараа бусадтай хамтарч бэлтгэл хийхэд анхандаа эвгүй байсан уу?

-Айлын бүрэг хүүхэд шиг л байсан. Хэнтэй ч юм ярихгүй бэлтгэлээ хийгээд харина, өглөө нь ганцаараа ирнэ. Төд удалгүй танилцсан. Спорт гэдэг ямар ч орны эрчүүдийг нөхөрлүүлж чаддагийг мэдэрсэн.

Tseweenpurew-boxing
Тэрээр “МОНГОЛЫН ДАЙЧИН” гэдэг хочтой

-Танай клубт хэдэн тамирчин харьяалагддаг байв?

-Хориод тамирчин. Тэнд англи үндэстэн олон байхгүй. Бараг улс болгоноос нэг тамирчин байдаг байсан.

-Дасгалжуулагч нь англи хүн үү?

-Тийм. Гэхдээ гурван багш байсан. Ер нь мэргэжлийн боксчны ард гурван хүн байх ёстой гэсэн заалт байдаг.

-Хэр удаж анхны тулаандаа оролцсон бэ?

-Хоёр сарын дараа. Тэр тамирчин надаас туршлага болон бэлтгэлээрээ илүү. Гэвч би хоёрдугаар үедээ хамрыг нь хугалахад бууж өгсөн. Тэр дэвжээн дээр зодог тайлснаа ч ард түмэндээ зарласан. Би түүнээс хойш олон алдартай тамирчинг ялж өөрийнхөө орон зайг бий болголоо.

-Энэ ширүүн тэмцээний шагнал өндөр байдаг байх?

-32 мянган фунт авна. Түүний 50 хувь нь надад ирнэ. Үлдсэн нь дасгалжуулагч болон туслахуудад очдог. Гэхдээ хөнгөн жингийн тамирчин, хүнд жингийнхнээсээ бага шагнал авдаг.

-Шагналын мөнгийг юунд зарцуулдаг байв?

-Эхэндээ дасгалжуулагчийндаа байсан болохоор амьдрах байранд санаа зовохгүй байсан. Багш маань менежерийн ажлыг ч гүйцэтгэнэ. Заримдаа бэлтгэлийнхээ чөлөөгөөр цагийн ажил хийдэг байсан.

-Та гэзгээ хэзээнээс ургуулж эхэлсэн бэ?

-Нутагтаа байхдаа ургуулдаг байсан. Тулааны тамирчны имиж янз бүр. Минийх гэзэг гэж хэлж болно. Заримдаа би гэзгээ цамцныхаа захан дотор хийгээд гадуур явахаар танихгүй. Гэзгээ гаргахаар хүмүүс таньдаг юм.

-Гадаад дүр төрх өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг унагаахад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Зарим тамирчин өөрийнхөө ивээн тэтгэгч байгууллагынхаа логог бие дээрээ зуруулдаг. Шорт, шүдний хамгаалалтаа төрийн далбааныхаа өнгөөр хийлгүүлсэн нь миний бас нэг имиж. Рингэн дээр өөр хувцас өмсөхгүй юм чинь. Хэрэв өмсвөл бас хийлгүүлэх байх л даа.

-Та үнэгэн лоовуузаа дуудлага худал­даа­гаар зардаг гэсэн. Хэдэн төгрөг хүрдэг вэ?

-Тийм. 50 фунтээс эхэлж 300 хүрэхээр нь авъя гэсэн хүнд рингээсээ шидээд өгчихдөг.

-Ринг дээрээсээ худалддаг юм уу?

-Тийм.

БИ “МОНГОЛЫН ДАЙЧИН” ГЭДЭГ ХОЧТОЙ

-Хэдэн малгай зарсан бэ?

-Хоёр. Хүмүүс ер нь сонирхдог юм билээ. Хааяа том компанийн ерөнхийлөгч нар “Малгайг чинь хүссэн үнээр чинь авъя. Хүрээд ир” гэж дамжуулна. Би “Авах гэж байгаа бол өөрөө ирээд ав” гэдэг. Би очвол хүндээ алдана шүү дээ. Жижиг компаниуд ч намайг “Ямар хувцас хийлгэмээр байна. Хүссэн хувцсаа захиал” гэдэг. Хариуд нь “Миний бүх хувцас дээр “Монгол дайчин” (Mongolia Warrior) бичиг байх ёстой. Та нар логогоо тавьж болно” гэхээр дуртай зөвшөөрдөг.

-Танд хоч байдаг уу?

-“Монголын дайчин” гэдэг хочтой. Үнэгэн лоовуузтай нөхөр мэргэжлийн тулааны рингэнд бужигнуулна шүү дээ.

-Англид анх очихдоо хэдэн кг-д тулалддаг байсан бэ?

-57. Одоо ч энэ жиндээ тоглодог. Хоёр удаа өгсөж үзсэн ч нуруугаар намдаад байдаг юм. Буулгавал их ядрах болохоор яваандаа өгсөнө.

-Та хэдэн тулаанаас хэд ялсан бэ?

-50 тулаанаас 45. Түүнийхээ 25-ыг нь хүнд цохилтоор дуусгасан.

-Шантарч байв уу?

-Шантрах үе байсан. Наад зах нь олон хүнтэй том зааланд тулалдахад чих шуугиад, бүгчимдээд хэцүү. Одоо дассан.

-Гадны тамирчин ингэж олон ялалт байгуулахаар өрсөлдөгч нарт таатай байдаггүй байх. Танд хэр мэдрэгддэг вэ?

-2008-2009 онд намайг их хавчсан. Болж өгвөл нутаг буцаачих гээд л. Тэр үед би шоу бизнес хөгжсөн БНСУ, Япон руу гаръя гэж бодож байлаа.

-Та тулааныхаа онцлогоос сонирхуулаач?

-Үе үеийн аваргуудын тулааныг их судалдаг. Ямар ч тулаанд би хажуугаас, дороос цохилт хийж магадгүй. Нэгэн хэвийн байвал өрсөлдөгч нартаа өөрийгөө барьж өгч байгаатай адил.

-Таны зүгээс оноогоор даруулж ялагдал хүлээж байсан уу?

-Байсан. Дэлхийн хошой аварга тамирчинтай тулалдаж байхдаа би ялалт ч үгүй гурван оноогоор илүү байсан. Гэтэл шүүгч түүнд ялалт өгсөн.

-Ринг дээр амиа алдсан тамирчин байдаг уу?

-300 орчим бий.

-Таны анхны багш Г.Оюунболд нэг удаа “Д.Лхагва, Чой.Цэвээнпүрэв нар аль хэдийнэ хөдөлмөрийн баатар цолны болзол хангасан. Төр даанч энэ цолыг өгөхгүй юм” гэж ярьсан байсан. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Миний бодол эх орныхоо нэрийг чадах чинээгээрээ өндөрт гаргах. Түүнээс биш цол горьдож энэ спортод хөл тавиагүй. Би ийм амжилт гаргасан, та нар тийм цол өгөх ёстой гэвэл утгагүй. Ингэж авбал нэр хүнд ч үгүй.

-Анхны тулааныхаа талаар яриач?

-1996 онд Солонгосын тамирчинтай тулал­даж, наймдугаар үедээ хүнд цохилтоор ялсан.

-Тэр өрсөлдөгчөө судалсан байсан уу?

-Үгүй. Гарын үсэг зураад л рингэнд гарсан. Гэтэл саяхан миний тухай мэдээллийг “Анхны тулаандаа дэлхийн аварга, Солонгосын тамирчинг ялсан” гээд гаргаад ирэхээр нь гайхсан. Харсан чинь өнөөх анх ялсан тамирчин маань дэлхийн аварга байсан байдаг байгаа. Монголчууд юмыг нэг их судалдаггүй нь бас энэ байх л даа. Арав гаруй жилийн дараа ямар тамирчин байсныг нь мэднэ гэдэг хэтэрхий хайнга байгаа биз.

Э.БАДАР-УУГАН, П.СЭРДАМБА НАРТАЙ НЭГ ДЭВЖЭЭНД БЭЛТГЭЛ ХИЙДЭГ БАЙСАН

-Тэр үед дэлхийн аварга гэдгийг нь мэдсэн бол тулаан тэгж өндөрлөх байсан болов уу?

-Байнга бэлтгэл сайтай байдаг болохоор үгүй байх. Бэлтгэлгүй хүн л сандардаг.

-Таныг хувиараа дасгал хийдэг гэж сонссон. Мөн саяхан гэр бүлийнхээ хүнтэй ном гаргасан байна билээ?

-Эртний өвгөчүүд харааны дасгал хийхдээ алсын уулын оройг ширтдэг байсан гэдэг. Би уул ширтэх боломж байхгүй болохоор метрийн голчтой тойрог харандаа байрлуулаад толгойгоо хөдөлгөлгүй хүүхэн хараагаараа нар зөв, буруу удаан хугацаагаар тойруулж хардаг. Тэгэхээр нүд чилбэл сайн. Булчин чангарч байна гэсэн үг. Ялангуяа боксчин хүний нүдний булчин чанга байвал нэг их нүдээ цавчаад байдаггүй. Ингэвэл өрсөлдөгчийнхөө цохилтыг сайн харж чадна. Булчин нь суларсан хүний нүд онийгоод хараа муутай болдог. Энэ мэтчилэн ардын эмчилгээний дасгал хийдэг.

-Ингэхэд таныг энэ спортод ороход юу нөлөөлсөн бэ?

-1992 онд орос сувгаар Майк Тайсоны тулааныг үзээд энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн. Тэр тулааныг үзсэнээс хойш нэг их удалгүй Г.Оюунболд багштайгаар боксын клуб байгуулсан.

-Тэр үед багшийгаа таньдаг байсан юм уу?

-Тийм. Боксын спортод сонирхолтой залуу байсныг багш мэддэг болохоор дуртай ч зөвшөөрсөн. Клубийнхээ мишок, рингийг өөрсдийхөө гараар хийж байлаа. Ингээд жилийн дараа залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Хөдөлмөрч хүнийг од түшдэг юм билээ. Дараа жил нь Азийн АШТ-нд түрүүлж, шилдэг боксчин болсон. Энэ бүхэн миний санаанаас гардаггүй юм.

-Хүүхэд насаа хэрхэн үдэв?

-Яармагт өнгөрөөсөн. Айхтар зодоонч байгаагүй ч өөрийгөө болон найз нараа хамгаалах чадвартай байсан. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар бид хоёр нэг гудамжны хүүхэд. Тэрэгтэй ус чирж, түлээ хагалж өссөн. Энэ борог амьдрал амжилтад хүрэхэд нөлөөлсөн байх. Өвөл нь Богд уул руу чарга чирж гулгадаг, зун нь Туул голын эрэг дээр загас шүүрдэг байлаа.

-Та цуглуулгатай юу?

-Гадаадын хуучны мөнгөн тэмдэгт бий.

-Таны ах, дүү тулааны спортоор хичээллэдэг үү?

-Бумчин гээд бага дүү Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэг үеийн тамирчин байсан. Тухайн үед боксын спорт уналтад орохын зэрэгцээ олон багшийн дунд яваад аль ч үгүй хоцорсон. Одоо хэдэн медаль л байх шив дээ. Уг нь надаас илүү амжилт үзүүлэх боломжтой байсан. Одоо хувиараа бизнес хийж байгаа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Том нь охин, наймдугаар ангид суралцдаг, бага нь хүү одоо цэцэрлэгт явдаг. Хүү маань аав, ээж, эгчийгээ гурван талд зогсоочихоод дунд Брюсли шиг эргэж өшиглөдөг. Аавын авьяас байх шиг байгаа юм.

-Та Лондонд гэр бүлийнхээ хүнтэй хамт байдаг уу?

-Эхний үед тусдаа байсан. Тамирчин хүнийг нэг л зүйлд анхаарлыг нь хандуулахын тулд ганцааранг нь байлгадаг. Дархан аварга Х.Баянмөнхийг харахад даян аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох хоёрын бэлтгэлийг нь хийлгэх гээд Бугын сангийн аж ахуйн амралтад орхичихож байгаа биз дээ. Ингэх нь ашигтай л даа.

-Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан “Татар ажиллагаа” кинонд тоглосон. Танд иймэрхүү санал ирвэл яах вэ?

-Англид нэг кинонд тоглож байгаа. “JNC” продакшн хийж байгаа юм. Үүнийг би өөрийнхөө амьдралын маш том боломж гэж бодож байгаа. Дэлгэцэнд дүрээ үлдээнэ гэдэг сайхан байх. Зураг авалт эхэлсэн. “Харгис монгол” хочтой, рингэнд гарах бүртээ өрсөлдөгчөө хороодог залуугийн дүрд тоглоно. Он гараад дуусах байх.

-Дэлхийн одод хамт тоглож байгаа юу?

-Байгаа. Жетлитэй хамт тоглож байсан Холливудын нэрт жүжигчин бий.

-Спортоо орхисны дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Олон ажил бий. Гол зорилго элэг нэгт дүү нараасаа өөрийнхөө залгамж халааг бэлтгэж, дэлхийн дэвжээнд таниулах.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here