Шинэ легионер тоглогчдын эгнээндээ нэгтгэсэн хоёр баг өчигдөр учраа таарав. Энэ бол Маркус Хэммондсыг авчирсан Завхан, Брэндон Моррисыг элсүүлсэн Өвөрхангай гэсэн хоёр аймгийн тоглолт юм.
Тоглолтын нэгдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд хоёрдугаар үед Өвөрхангай будагтай талбай самбар дор илт илүүрхэв. Улмаар тэд тэргүүллээ гурав, дөрөвдүгээр үед баталгаажуулан өрсөлдөгчөө 103:85-аар буулган авлаа. Ийнхүү Өвөрхангай аймгийн баг улирлын гурав дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод Билгүүн 23 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол Б.Моррис 21 оноо, 7 самбар 7 оновчтой дамжуулалт, Б.Дархантөгс 17, Э.Цэрэнбаатар 13 оноо авчээ. Харин Завхан аймгаас Маркус Хэммондс 30 оноо авсан ч бусад нь тун хангалтгүй байлаа.
Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай”, Төв аймгийн “Төв Ургац” баг өчигдөр учраа таарав. Хоёр багийн тоглолтод тун өрсөлдөөнтэй болсон. Нэгдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд удаах үед Төв аймгаас Д.Дэлгэрням сайн тоглолт үзүүлсэн ч Баянхонгорын бүх тоглогчид багаараа жигд ажиллаж байлаа. Улмаар гуравдугаар үед “Төв Ургац” багийн гол хөдөлгөх хүч Д.Дэлгэрнямыг Баянхонгорын залуучууд тун сайн хамгаалсан юм. Улмаар тоглолт эн тэнцүүхэн өрнөсөөр эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд “Баянхонгор Мазаалай” багийн тоглогч Анхбаяр хоёр чөлөөт шидэлт гүйцэтгэснээр тоглолт өндөрлөв. Ийнхүү Баянхонгор аймгийн баг өрсөлдөгчөө 81:79-өөр буулган авч, улирлын гурав дахь хожлоо байгууллаа. Тус тоглолтод Э.Ариунболд 18 оноо авсан бол Төгсцогт 15 оноо, 12 самбар авчээ. Харин Төв аймгаас Ганболд 19, Дэлгэрням 18, Мөнхтөр 14 оноо авав.
Лигийн хүчирхэг багууд болох Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех”-тэй улирлын зургаа дахь тоглолтоо хийв. Архангай ОУХМ Г.Баттөр, Э.Цэвэлдорж нараар удирдуулсан бол Сүхбаатар аймгийн багийн лидерүүд бол саяхан 3х3 оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Энхбатын Дөлгөөн, Боргилын Батзолбоо нар билээ. Сагсан бөмбөг сонирхогчид тоглолтыг өрсөлдөөнтэй болно хэмээн таамаглаж байсан юм. Энэ таамаг ч талаар болсонгүй. Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй эхэллээ. Хоёр баг тэргүүллээ ээлжлэн сольсоор шийдвэрлэх үетэй золгов. Дөрөвдүгээр үеийн эхнээс Архангай бага зэрэг давамгайлсан бөгөөд тэднээс Ц.Мэргэн тун сайн тоглолт үзүүлэн багтаа тэргүүлэл авчирсан юм. Улмаар Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид” өрсөлдөгчөө 87:77-гоор буулган авч, улирлын тав дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод Э.Цэвэлдорж 16, Энх-Оргил 12, О.Энхбаатар 11 оноо тус тус авлаа. Харин Сүхбаатараас Э.Дөлгөөн 22 оноо, 10 самбар, Г.Цэнгүүнбаяр 20 оноо авсан юм.