~Түрээсийн дугуйн эрэлт их ч, хулгайлах оролдлого гарч байна!~
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Ubike” дугуйн түрээсийн үйлчилгээг баяр наадмын өмнө эхлүүлсэн. Дугуйн үйлчилгээ гараад удаагүй ч эхнээс нь эвдэлж, эд ангийг нь хулгайлах, бүр дугуйг хулгайлаад GPS-ийг нь салгах гэж оролдсон тохиолдол ч гарчээ.
Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Г.Дашням “Ер нь бол техник л юм болохоор жижиг гэмтлүүд гарч байгаа. Дугуй хагарах, хонх, цацруулагч нь алга болох гэх мэт тохиолдлууд түгээмэл байна. Мөн дугуйн гар хугарсан. Дугуйтайгаа онхолдсон эсвэл хүчтэй цохисноос үүдэн хугарсан байж болзошгүй гэж бодож байгаа. Бидний зүгээс арай ч санаатайгаар хугалаагүй байх гэж найдаж байна. Гар хугарсан тохиолдлын дараа нэг хэрэглэгчээс хоёр гарыг холбож гагнавал илүү бат бөх болох болов уу гэсэн санал ирсэн. Бид саналыг нь судалж үзээд нэмж хөндлөвч гагнаж байна.Техник гэдэг утгаараа байнгын засвар үйлчилгээ хийгдэх ёстой учраас тасралтгүй үйлчилгээ хийж, алга болсон хонх цацруулагчийг нөхөж суурилуулаад дахин үйлчилгээнд гаргаж байна” гэжээ.
Одоогоор нийслэлийн төв хэсэгт нийтдээ 96 дугуй байршуулсан бөгөөд иргэд дугуй түрээслэх нь нэмэгдэж байгаа гэнэ. Мөн байнгын үйлчлүүлэгчид ч бий болсон гэнээ.