~О.Гүндэгмаа медалиа хураалгасан гэв үү~
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Швейцарь Улсад зохион байгуулагдсан Цэргийн дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээний 25 метрийн хурдан буудлагын багийн төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн байна. Гэвч тус тэмцээнийг зохион байгуулагчид түүний медалийг хураажээ.
Өнгөрсөн мягмар гаригт түүний хань, МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар цахим хуудсаараа дамжуулан МУГТ О.Гүндэгмаа тус тэмцээний 25 метрийн хурдан буудлагын төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн тухай мэдээлсэн билээ.
Тэрбээр О.Гүндэгмаагийн медаль хураагдсаны дараа цахим хуудастаа
“Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад, ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчлэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа”
хэмээн бичжээ.