Конор МкГрегор бол одоо цаг үеийн хамгийн шилдэг холимог тулаанчдын нэг билээ. UFC-ийн хоёр дивизоны аварга МкГрегорыг холимог тулааны ертөнцийн шинэ хаан гэж нэрлэх хүмүүс ч байдаг.
Түүний хувьд өнгөрсөн жил боксын рингэн дээр “Мони” хочит Флойд Мэйведертэй 12 үе тулалдаж ялагдсан ч 100 сая долларыг халааслан олны анхаарлыг татаад байсан.
Гэсэн ч МкГрегорын анхнаасаа л ийм алдартай баян тансаг амьдрал дунд өсөөгүй. Дублины захын дүүрэгт амьдардаг ажилчин ангийн гэр бүлд төрсөн Конор МкГрегор багаасаа спортод сонирхолтой байсан ч амь зуухын тулд сантехникчийн туслахаар хэсэг хугацаанд ажилласан гэдэг. Захын дүүргийн жаал хүү хэрхэн UFC – ийн од болж чадсан бэ?
Конор МкГрегор 1988 оны 7 дугаар сарын 14 – нд Тони, Мэгс нарын хүү болон мэндэлжээ. Ээж, аав хоёр нь түүнийг гараа атгасан байдалтай төрсөн гэж ярьдаг.
МкГрегор Дублины захын дүүрэг болох Крамлинд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Манчестер Юнайтед клубын фэн байсан ч Крамлины боксын клубыг сонгон хичээллэж эхлэв.
Тус клубт дасгалжуулагч Жон Каванатай танилцсан юм. Жон Каванагийн удирдлага доор жижиг клубт хичээллэж байхдаа тухайн дүүргийн хоёр шилдэг боксчныг ялав. Тэр үед л Конор МкГрегор өөртөө итгэлтэй болж, тулааны спортоор хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг.
Сургуульд сурах сонирхолгүй байсан учраас өдрийн цагаар сантехникчийн туслахаар ажиллаж, шөнөд нь боксын бэлтгэл хийж эхэлжээ. Өдөр 12 цаг ажилласныхаа дараа галт тэргэнд суун боксын клуб дээрээ очдог байсан аж. Тухайн үед одоогийн эхнэр Дий Дэвлинтэй болзож эхэлсэн гэдэг.
Сантехникчийн ажил өөрийнх нь хийх зүйл биш гэдгийг ойлгосныхоо дараа ажлаасаа гарч бүтэн цагаар бэлтгэл хийж эхлэв. Тухайн үед эцэг эх хоёр нь ажлаасаа гарах шийдвэрт тун дургүй байсан гэдэг. Гэсэн ч МкГрегор аавдаа “Би 25 насандаа сая доллартой болсон байх болно” гэж хэлж байжээ.
МкГрегор алдар нэрд хүрсэн ч төрсөн газар, багын найз нөхдөө мартаагүй. Боломж гарах бүрт Дублинд очиж, багын найзуудтайгаа уулздаг аж.
Тэрээр 2008 оны 3 дугаар сарын 8 – нд Кэйж Уарриорс холбоонд анхны тулаанаа хийж байсан түүхтэй. Тэрээр Гари Моррисыг хоёрдугаар үед техникийн хүнд цохилтоор буулгаж авсан юм. Эхний 6 тулаандаа 4-2 гэсэн амжилт үзүүлсэн бөгөөд түүнээс хойш ялалтын буухиа нь эхэлж, олон улсын тавцанд нэр алдар нь цууриатах болсон юм.
4-2 гэсэн эхлэлийнхээ дараа 8 тулаанд дараалан ялалт байгуулж Кэйж Уарриорс холбооны хоёр жингийн аварга болов. Бүх тулаандаа эхний 2 үед ялалт байгуулсан нь олны анхаарлыг татаж, UFC холбоо ч түүнийг сонирхож эхлэв.
Улмаар 2013 оны 4 дүгээр сарын 6 – нд UFC дэх дэбут тулаанаа Маркус Бримэжийн эсрэг хийж эхний үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авлаа. Улсаас өгдөг 188 еврогийн тэтгэмжээр замын зардал хийж тулаандаа очсон МкГрегор UFC – д хийсэн эхний тулаанаасаа 60,000 доллартой буцсан юм. Тэрээр хожим 188 еврогийн тэтгэмжээ дурсан өөрийнхөө завийг “188” гэж нэрлэсэн юм.
Тэрээр UFC – д дахин 5 ялалт байгууллаа. Дараа нь Чад Мендесийг буулгаж авснаар өдөн жингийн түр бүсний эзэн боллоо. Улмаар UFC – ийн хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Хосе Алдотой тулалдахаар болов.
2015 оны 12 дугаар сарын 12 – нд болсон тулаанд МкГрегор Хосе Алдог 13 секундын дотор хүнд цохилтоор буулгаж авчээ. Энэ нь UFC – ийн бүсний төлөөх тулалдаанд хамгийн богино хугацаанд хийсэн хүнд цохилт болон түүхэнд үлджээ.
Тэрээр жин ахиж хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Рафаел дос Анжостой тулалдахаар болсон ч дос Анжос хөлөө хугалснаар тулалдах боломжгүй болсон юм. Хөнгөн жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Нэйт Диаз аваргын бүсний төлөө МкГрегортой тулалдахаар боллоо.
Ихэнх хүмүүс тэрхүү тулаанд МкГрегорыг ялна гэж таамаглаж байлаа. Гэсэн ч хоёрдугаар үед Нэйт Диаз МкГрегорыг буултанд оруулан UFC – ийн дэвжээн дэх анхны бөгөөд цор ганц ялагдлыг нь амсуулсан юм.
Нэйт Диазад ялагдсан хэдий ч Конор МкГрегор 2016 онд Форбес сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр цалинтай 100 тамирчны жагсаалтад багтсан хамгийн анхны холимог тулааны тамирчин болсон юм. МкГрегор 2016 онд тулаанаас болон ивээн тэтгэгч компаниудаас нийт 22 сая долларыг авсан байна.
Удаан хугацаанд хэлэлцэж ярилцсаны эцэст МкГрегор, Диаз нар дахин нэг удаа тулалдахаар болов. Тэрхүү тулаан холимог тулааны түүхэн дэх хамгийн ширүүн тулаануудын нэг болсон. Таван үеийн турш цус асгаруулан тулалдсаны эцэст МкГрегор шүүгч нарын шийдвэрээр ялалт байгуулсан юм.
Гуравхан сарын дараа UFC – ийн хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Эдди Алварезтай тулалдахаар болов. Эдди Алварезыг хоёрдугаар үед техникийн хүнд цохилтоор буулгаж авснаар UFC – ийн хоёр жингийн аварга болжээ.
Тус тулааны дараа эхнэрийгээ төрөх хүртэл хэсэг хугацаанд завсарлага авна гэдгээ мэдэгдлээ. 2017 оны 5 дугаар сарын 5 – нд Конор Жак МкГрегор Жр мэндэллээ.
Яг нэг сарын дараа Мэйведер, МкГрегор нар боксын рингэн дээр тулалдах нь тодорхой болжээ.
Тулаанын өмнө МкГрегор, Мэйведер нар хамтдаа хотуудаар аялж, тулаанаа идэвхжүүлэх маркетингийн компанит ажилд өөрсдийн биеэр оролцсон юм. Тэр хоёр олон нийтийн үйл ажиллагаан дээр нэг нэгнээ үгээр идэн, дайрч доромжилж байлаа.
Эцэст нь 8 дугаар сарын 26 – нд хүмүүсийн хүсэн хүлээсэн тулаан боллоо. Тус тулааныг онлайнаар үзэхэд 99 долларын төлбөртэй байсан нь олны анхаарлыг хэр их татаж байсныг илтгэнэ. МкГрегорын хувьд боксын рингэн дээр хийж буй анхны тулаан нь болсон юм. Олон үе хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч эцэст нь ялагдсан юм. Тэрээр тулаанд ялагдсан ч 100 сая долларын урамшуулал авчээ.
Конор МкГрегор 2018 оны 10 дугаар сарын 7 – нд хөнгөн жингийн шилдэг тулаанч Хабиб Нурмагомедовтой тулалдахаар болоод байгаа билээ. МкГрегор өнгөрсөн хавар Хабибын сууж явсан автобус руу эд зүйлс шидэж танхайрснаас болж цагдаа нарт баривчлагдсан билээ. Тэдний хувьд дуусгаагүй хувийн тооцоо байгаа нь мэдээж. Тиймээс 10 сард болох тулаанд гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй.