Японы сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Кокүгикан ордонд болж, бөхчүүдийн цалинг нэмсэн байна.
Сүмочдын цалин хамгийн сүүлд 2001 онд нэмэгдсэн аж.
Сүмогийн ертөнцөд 700 гаруй бөх байдаг ч жюүрёо, макүүчи зиндааны цолтой бөхчүүд л цалин авдаг. Холбооноос цолгүй бөхчүүдийн башёд оролцсон хөлс, шагналыг 10 хувиар нэмсэн байна.
Ингээд цалингийн өөрчлөлтийг танилцуулья.
Ёкозүна сарын цалин 2 сая 820 мянган иенээс 3 сая болон 6,4 хувь нэмэгджээ. Энэ нь Монгол мөнгөөр 70 орчим сая төгрөг юм.
Озэки сарын цалин 2 сая 340 мянгаас 2 сая 500 мянга болж 6,5 хувь, сэкивакэ, комүсүби 1 сая 690 мянган иэнээс 1 сая 800 мянга болж 6,3 хувь, маэгашира 1 сая 309 мянгаас 1 сая 400 мянга болж 7 хувь, жюүрёо 1 сая 36 мянгаас 1 сая 100 мянга болон 6,2 хувиар нэмэгджээ.