~Хабиб Нурмагомедов, Макгрегорын тулаан түүхэн хүлээлт үүсгээд байна~
UFC-гийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов, уг цолыг эзэмшиж байсан Конор Макгрегорын өрсөлдөөн холимог тулааны түүхэн дэх хамгийн их хүлээлтийг үүсгээд байна.
Мөн шагналын сангаараа ч гэсэн дээд амжилтыг тогтоох гэж байна. UFC-гийн түүхэн дэх хамгийн өндөр орлогыг эзэмшигч нь Макгрегор. Түүний оргил шагнал 3.6 сая доллар.
Тэгвэл Яквинтаг ялж дэлхийн аварга болохдоо ердөө 530 мянган долларын орлого олсон Нурмагомедов уг тулаанаас 10 сая долларын шагнал авах нь энэ өдрүүдэд тодорхой боллоо.
Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирланд залуу Конор дагестан гаралт орос эрээс илүү хэмжээний урамшуулал авах гэнэ. Учир нь тэрбээр орчин цагийн холимог тулааны хамгийн цуутай тулаанч тул тэр статустаа тохирох хэмжээний мөнгийг шаардсан ажээ.
Тэгээд ч тэрбээр 2017 онд мэргэжлийн боксын босоо аварга Флойд Мэйвэйдертэй боксын дэвжээнд тулалдан 100 сая долларын ашиг олж, их мөнгөний үнэрийг маш сайн мэдэрсэн. Тиймээс ч UFC-гийн тавьсан тулааны санал бүрт татгалзсан хариу өгч ирсэн юм.
Энэ шалтгааны үндсэн дээр UFC-гийн удирдлагад түүний шаардалгыг хүлээн авсан төдийгүй нэмэлт бонусыг амалсан гэнэ. Тулаанчдын хөлсийг багаар үнэлдгээрээ алдартай тус байгууллагын гүйцэтгэх захирал Дэн Уайтад буулт хийхээс ч өөр арга байсангүй.
Учир нь Нурмагомедов, Макгрегорын тулааныг хүсэгч хүмүүсийн хүлээлт ид оргил үедээ ирсэн алтан боломжийг алдахыг тэр хүсээгүй. Тэдний тулааны үр дүнд холимог тулааны түүхэнд байгаагүй их орлогыг UFC олох юм.
Орос, ирланд залуусын тулаан энэ оны 10-р сарын 6-нд Лас Вегас хотноо UFC 229 тэмцээний хүрээнд зохиогдоно. UFC-гийн дэлхийн аварга асан Макгрегор спортын замналдаа нийт 21 тулаанд ялж, гуравт нь ялагдсан бол Нурмагомедов 21 тулаанаа бүгдийг ялалтаар өндөрлүүлсэн.