Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique) Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Тэрээр өнгөрсөн жил энэ ангилалдаа мөн түрүүлж байсан юм. Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай 16 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдээс хоёр тамирчин маань дэлхийн аварга болоод байна.
Дээр хэлсэнчлэн эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг дэлхийн аварга болсон бол, Фитнес төрөлд А.Ичинноров мөн алтан медаль хүртсэн. Тэднээс гадна Б.Бадамсүрэн хүрэл медалийг энгэртээ зүүсэн билээ. Тэгвэл эрчүүдээс бодибилдингийн 70 кг-ын ангилалд Л.Саруулбат хүрэл медаль хүртлээ.
Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид өрсөлдсөн юм.