Ц.Цогтбаяр тэргүүтэй багш дасгалжуулагчид, тамирчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэд сүүлийн үед чөлөөт бөхийн холбоог тойрсон маргааны талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Дасгалжуулагч Ц.Цогтбаяр: Бид 2013-2016 онд Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж байх хугацаандаа чамгүй амжилт гаргаж байсан. Энэ бүх зүйлээ энэ нөхдийн ярьж байгаа өргөтгөсөн хуралд сууж, тайлангаа тавих ёстой байдаг. Энэ асуудлуудаа хэлж, тайлангаа тавиад, зөв буруу, цаашид хэрхэн өөрчилж шинэчлэх асуудлыг яримаар байна гэж хэлэхэд хуралд оруулахгүй гэсэн. Мөн энэ хуралд Монгол улсын Гавьяатууд орох эрхтэй байдаг, та нар миний Гавьяат цолыг хурааж аваагүй байгаа юм чинь би ормоор байна” гэхэд ч оруулахгүй л гэсэн.
Ер нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөх болон зарим амжилт гаргасан охидыг хүртэл хавчин гадуурхдаг. Энэ хугацанд медаль авсан тамирчдынхаа дуу хоолойг яагаад сонсохгүй байгаа юм бэ, яагаад энэ тамирчдаа хүртэл их хуралдаа оролцуулахгүй байгаа юм бэ.
Энэ асуултуудыг асуухаар Удирдах зөвлөлөөс тийм тийм хүмүүсийг л хуралд оруулна гээд нэр заачихсан байгаа гэдэг. Удирдах зөвлөл хэн хэнийг оруулах юм гэдгийг бид нар мэдэхгүй гээд хэлэхгүй байгаа юм.
Хэрэв асуудалд энэ мэтээр үргэлжлүүлэн хандаж, холбооны хуралд оролцуулахгүй гэвэл тэмцлийн хүнд хэлбэрт шилжиж, төрийн ордны урд зулын гол болоход бэлэн байна хэмээн хатуухан хэллээ.
Дасгалжуулагч Б.Баяраа: “Монголын чөлөөт бөхийн холбоог сайжруулах тал дээр ямар ажил хийснийг наад зах нь тамирчдын бэлтгэлээ хийдэг зааланд очоод харж болно. Ямар ч агааржуулалт байхгүй, олон жил болсон тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Уранхай дэвжээтэй. Гэтэл жүдо бөхийн заал зургаан ширхэг цоо шинэ дэвжээтэй шүү дээ. Удирдлагууд чөлөөт бөхийг хөгжүүлье гэж гарч ирчихээд заалаа ч сольсонгүй, сургалт дасгалжуулалтын онол арга зүйг шинэчилье гэсэн санааг ч дэмжсэнгүй. Биднийг сэтгэлзүйгээр дайрч, доромжлох эрх тэдэнд байгаа гэж үү. “Бандаашаа миний өмнө тайл” гэж хэлдэг А.Сүхбатад ёс зүй гэж байна уу” хэмээн гомдолтой байгаагаа илэрхийллээ.