Чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит эрэгтэйчүүдийн, Польшийн нээлттэй эмэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн Польшийн нийслэл Варшавт болж байна.
Манай улсаас зургаан бүсгүй Варшавт зодоглож байгаагаас эхний өдөр хоёр нь барилдав. 60 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Шоовдор мөнгөн медаль хүртэж, 55 кг-Э.Даваачимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.
Б.Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Юлия Пронцевичийг 4:1-ээр, шөвгийн наймд Украины София Боднирийг 5:0-ээр, хагас шигшээд Болгарын Мими Христоваг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Зоу Жантинтай дахин учраа таарч, 4:8-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Э.Даваачимэгийн жинд 12 бөх барилдсан бөгөөд эхний тойрогт Украины Татьяна Китэд 1:6-гаар ялагдсан. Украин бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Казахстаны Марина Седневаг 9:8-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Вероника Чумиковад 3:4-өөр ялагдав.
ОУХМ Э.Нарангэрэл эзэн орны Катаржина Каминскатай барилдах байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй. Шөвгийн наймд энэ жилийн “Монголиа Опен”-ий аварга Валерия Чепсаракова 3:10-аар ялагдсан. Улмаар дагах барилдаанд Украины Илона Семкивийг 20:10-аар оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөө өнгөрсөн сард ОХУ-ын АШТ-д түрүүлсэн Дарья Лексинад цэвэр ялагдсан.
ОУХМ Г.Уртнасан эхний тойрогт Болгарын София Георгьева 5:0-ээр давамгайлсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хагас шигшээд ялагдсан БНХАУ-ын Палиха Палихад цэвэр ялагдсан. Нанхиад бүсгүйд ойрхон хоёр ч удаа яг нэг мэхний хувилбараар оноо алдаж цэвэр ялагдаад байна. Түүнийг ялсан Палиха шигшээд шалгарсан тул дагах барилдаан хийж Киргизстаны Айпер Медеткизид мөн цэвэр ялагдсан.