Клубуудын дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Украины Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болох гэж байна. Энэ тэмцээнд манай улсын “Арслан”, “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг оролцох гэж байгаа бөгөөд тэд өчигдөр эх орноосоо мордлоо.
Энэ тэмцээн гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд Украин болон Ираны бөхийн холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, Турк, Унгар зэрэг орны шилдэг клубүүд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Украин болон Иран улс нь тэмцээнийг зохион байгуулагчдын хувьд тус бүр хоёр баг оролцуулахаар болсон байна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөхийн 8 жингээр явагдах ба баг тус бүр үндсэн найман бөхтэй байх аж. Мөн сэлгээний 4дөрвөн бөхтэй байж болох ба баг бүрт хоёр хүртэлх тооны гадаадын бөхтэй байхыг зөвшөөрнө. Эхний өдөр хэсгийн барилдаан, хоёр дахь өдөр шагналт байруудын төлөөх барилдаан болно. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан багууд 25, 15, 10 мянга ам.долларын шагналтай. Өнгөрсөн жилийн тэмцээнд “Хасу-Мегастарс” клуб оролцож, 15 багаас наймдугаар байрт шалгарч байсан юм.