“ISSF World cup Rifle/Pistol” буюу буудлагын спортын дэлхийн цомын тэмцээнээс ОУХМ Энхтайваны Даваахүү өнгөрөгч бямба гарагт (2019.04.27) “Токио-2020” олимпын их наадамд оролцох эрхээ авлаа.
Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сарын 20-29-ний өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Э.Даваахүү 177.9 оноогоор 5-р байранд шалгарч олимпд өрсөлдөх эрхээ авч чадлаа.
Э.Даваахүү 2008 оноос хойш тасралтгүй 11 жил буудлагын спортоор хичээллэжээ. Дэлхийн аваргын хос хүрэл медаль, 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” 27-р наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль гээд түүний амжилт багагүй.
Тэрээр “Бурхан болсон аавынхаа мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна. Тэнгэрийн орноос та минь хүүгээ харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Токиогийн тэнгэрт төрийн дуулал эгшиглэхэд аав минь та сонсоорой” гэж баяр гунигийн нулимстайгаар хэлсэн юм.
А.Чингэстэй