Өнөөдөр Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл хуралдах юм байна. Тус хурлаар Харумафүжи, Таканоива нарыг тойрсон асуудал болон ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж, саналаа холбоондоо хүргүүлэх ажээ.
Ёкозунагийн зөвлөл Харумафүжигийн нэр холбогдсон хэргээс гадна башёг дундаас нь орхисон ёкозуна Кисэносатогийн тухай ч санал солилцох мэдээлэл байна. Сумогийн дээд цолд хүрснээс хойш таван башёгийн дөрөвт нь бүтэн барилдаж чадаагүй түүнийг 2018 оны тэргүүн башёд тааруу барилдвал ёкозуны цолыг нь хураах асуудал яригдах бололтой.
Японы сумогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл болсон хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тусдаа, дотооддоо мөрдлөг, шалгалт явуулж буй. Тэд Харумафүжигээс болсон явдлын талаар тайлбар, байцаалт авсан бол хохирогч болох Таканоивагийн зүгээс мэдээлэл авах оролдлого нь бүтэлгүйтжээ. Учир нь ояката Таканохана татгалзсаар байгаатай холбоотой аж. Тус зөвлөл ойрын хугацаанд хэргийн үнэн зөвийг тогтоож, башё өндөрлөсний дараа холбогдох хүмүүст зохих шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.
Японы сумогийн холбооны тэргүүн Хаккакү кюүшюү башёгийн төгсгөлд үзэгч, дэмжигчдээс уучлал хүсчээ. Тэрбээр “Үзэгч, дэмжигчдийн сэтгэлийг сэвтээж, таагүй байдал үүсгэсэнд сэтгэлийн угаас уучлал эрж байна” гээд, болсон хэрэг явдлын үнэн мөнийг аль болох хурдан тогтоохоо амалсан байна.
Өнгөрсөн ням гаригт Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёд түрүүлсэн Их аварга М.Даваажаргал хэлэхдээ “Энэ башёгийн үеэр сэтгэл зовоосон хэрэг гарлаа. Сумогийн бүх дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Би Харумафүжи, Таканоива нарыг хоёул сумогийн дохёд дахин гараасай гэж хүсч байна” хэмээгээд, башё өндөрлөсөн тул болсон хэрэг явдлын талаар үнэн мөнийг мэдүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.