Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр эхлэх ДАШТ-д зодоглох нэгэн жүдочийг спортын хорхойтнууд төдийгүй мэргэжилтнүүд ийн тодотгож байна.
Тэр бол олимп, дэлхийн медальтай, бахдам цол, сүрдэм гуншинтай тамирчдын хэн нь ч бус, 17 настай нэгэн бүсгүй байна.
Украины залуу жүдоч Дарья Белодед 2017 онд 16-хан насандаа насанд хүрэгчдийн Европын аварга болж, өнөө жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, ганц ч бөхөд өвдөг шороодоогүй.
Түүгээр ч үл барам он гарснаас хойш алтан медаль хүртсэн түүний таван тэмцээний хоёр нь нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Их дуулга, гурав нь гран при ангиллынх гээд бодохоор яалт ч үгүй давтахад бэрх амжилт. Үүгээрээ 2018 онд хамгийн өндөр амжилт гаргасан жүдочдын жагсаалтыг тэргүүлж буй тэрбээр тамирчны замналдаа хоёрхон удаа дийлдсэн нь “Ялагдашгүй” гэх тодотголын эзэн болгов.
ТАНИЛЦУУЛГА:
Улсынхаа Киев хотын 328 дугаар сургуулийн сурагч Д.Белодед хоёр талаасаа бөхийн удамтай. Түүний аав ДАШТ-ий хүрэл медальт (2005), Европын хошой аварга (2001, 2003) Геннади Белодед, ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга С.Кузнецова юм. Д.Белодед зургаан настайдаа аав, ээж хоёроороо жүдо заалган, өдгөө ч тэднийхээ удирдлагад бэлтгэлээ базаадаг.
Аав, ээж нь түүнийг багад нь гимнастикийн дугуйланд бүртгүүлсэн ч “Зөвхөн жүдогоор хичээллэнэ” гэж гүрийсээр жүдоч болсон юм билээ. Тэрбээр багаасаа олны хараанд өртсөн тамирчин. Улсынхаа хамаг л тэмцээнд насныхаа ангилалд түрүү алдаагүй Д.Белодед ирээдүйд их юм дуулгахаа 2014 онд тод харуулсан.
Тэр нь Украины 16 хүртэлх насны ангиллын аварга шалгаруулах тэмцээн байлаа. 13-хан настай, өндөр, туранхай охин өөрөөсөө насаар эгч тамирчдыг ялсаар түрүүлэхдээ дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр тус тэмцээнээс алтан медаль хүртсэн хамгийн залуу жүдоч болсон түүхтэй. Түүнээс хойш ч ялагдалгүй өрсөлдсөөр дараа жил нь 16 хүртэлх насны ДАШТ-д түрүүлжээ. Тухайн үед дахиад л жүдо сонирхогчид шуугилдаж, цөөнгүй хэвлэл түүнийг “Ирээдүйн од” хэмээн тодотгосон юм. Тэгж өөрөөсөө хоёр насаар эгч тамирчдыг өвдөг шороодуулан, дэлхийн аварга болохдоо хөнгөн жингийн бөхчүүдээрээ алдартай Румын, ОХУ, Японы жүдочдыг ялсныг нь тодотгоё.
Дийлдэшгүй мэт барилдан, олны хараанд өртсөн тэрбээр өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд зодоглож байгаа. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг “акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв. Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг. Харин украин охин тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ улам дүүлэв. Д.Белодедын өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэрбээр тус тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав. Өнгөрсөн жил Нидерландад болсон гран прид түрүүлсэн Д.Белодед “Хөх хот-2017”-оос хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид, ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт дийлдсэн. Тамирчны замналдаа хоёрхон удаа ялагдсан нь энэ.
“Багаасаа номер нэг байсаар өдий хүрсэн болохоор насанд хүрэгчдийн тэмцээнээс ч мөнгө, хүрэл медаль авахыг хүсдэггүй, ямар ч шилдэг тамирчинтай барилдахдаа “Ялна” гэдэгтээ итгэлтэй байдаг” хэмээж буй Д.Белодед өнгөрсөн жилийнхээс тэс өөр тамирчин болсон нь мэдээж. Таван тэмцээнд дараалан түрүүлж, дийлдээгүй яваа сэтгэлзүйгээс гадна ур чадвар, туршлагын хувьд ахисан нь лавтай. Үүнийг түүний амжилтаас гадна энэ онд Г.Отгонцэцэгийг гурван удаа ялснаас бэлхнээ харж болно. Тэд энэ жил ДАШТ-ий D хэсэгт учраа таарлаа. Г.Отгонцэцэг Д.Белодедын дийлдэшгүй мэт амжилтын цувралыг зогсоож чадах, эсэхийг спортын хорхойтнууд гойд сонирхож байна.
Д.Белодед дэлхийн бараг бүх шилдгийг ялаад буй. Загребын гран прид түрүүлэхдээ л гэхэд Казахстаны гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Тонаки Фүна, Европын АШТ-ий мөнгөн медальтай Д.Красники, Европын аварга, ОХУ-ын Ирина Долгова нарыг өвдөг шороодуулсан. Чансаагаараа дэлхийд гуравт (түүний өмнө Монголын М.Уранцэцэг, Оросын Ирина Долгова) эрэмбэлэгдэж буй түүний онцлог нь урт чац. 172 см өндөр биеэ тун чадамгай ашиглаж, өрсөлдөгчдөө барьц алддаггүй нь олон орны дасгалжуулагч, тамирчны “шүдний өвчин” болоод байна. Өөртэйгөө адил нуруулаг тамирчныг ч төвөггүй ялна гэдгийг тэрбээр Дюсселдорфын “Их дуулга”-д түрүүлэхдээ харуулсан. Тус тэмцээний аваргын төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальтай, Унгарын бөх Эва Чернивицкийг яалаа даа.
Сайн барилдахаас гадна үзэсгэлэнтэй тэрбээр спортоос өөр салбарынхны ч анхаарлыг татдаг. Мэргэжлийн боксчин, WBC холбооны дэлхийн аварга асан М.Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн А.Сиеста түүнийг сонирхож буй хүмүүсийн нэг. Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрэв би Белодедын менежер болох юм бол түүнийг Холливудын од болгоно” гэсэн удаатай.
Д.Белодед Парисын “Их дуулга”-д бүх учраагаа цэвэр ялж, түрүүлснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө жингийнхээ хамгийн гол өрсөлдөгчөөр М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарыг онцолсон. Олимпын аварга М.Келмендигээс үлгэрлэдэг тэрбээр зодог тайлсныхаа дараа спортын сэтгүүлч болох хүсэлтэй. Улсынхаа “Океан Эльзы” дуунд дуртай украин жүдоч шоколад, чихэрт нугасгүй. Ялангуяа, шоколадгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэнэ.
Ийм нэгэн товгор амжилт, бардам замналтай тамирчин “Баку-2018”-д зодоглохоор бэлтгэлээ базааж байна.
Д.Белодед өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээхээр ДАШТ-ийг зорьсон М.Уранцэцэг гавьяаттай түрүү булаалдах, 17 насандаа дэлхийн аварга болохыг ч үгүйсгэх аргагүй.
У.Баярсайхан