Нүүр хуудас Спорт Бөхийн өргөө түгжээтэй байх нь Л.Чинбатын хүмүүст ашигтай юу?

Бөхийн өргөө түгжээтэй байх нь Л.Чинбатын хүмүүст ашигтай юу?

227
0

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын Өдрийн сонины 2018 оны 10-р сарын 02-ны дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Бөхийн холбоод эвлэрнэ гээд комисс хүртэл байгуулаад явж байсан. Үр дүн гараагүй юу?
-Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудлаар маргалдаж буй талууд 4-р сарын 6-ны өдрөөс эхлээд олон удаа уулзаж эвлэрлийн комисс хүртэл байгуулж ажилласан. Харамсалтай нь хэрэгжүүлсэн зүйлс ажил хэрэг болоогүй. Анх дөрөвдүгээр сарын 6-нд 2 талаас уулзалдаж 21 аймгийн төлөөлөл бөхчүүдтэй 4.27-ны өдөр уулзая. Тэднээр энэхүү холбооны маргаан эхлэхээс өмнөх буюу 2002 оны Цэцдийн зөвлөлийг цуглуулж 5.03 өдөр хуралдуулая. Амжвал 5-р сарын 05-ны өдөр “ИХ ЭЕ” их хурлаа хийе гэж шийдсэн. Энэ шийдвэрийн дагуу 4.27-ны уулзалт, 05.03-ны өдөр Цэцдийн зөвлөлийг хуралдуулсан.

Энэ хуралд сөргөлдөгч талын гол төлөөлөгч улсын заан Ж.Ганболд хурал удирдая, “ИХ ЭЕ” хурлыг 5-р сарын 18-ны өдөр хийе, энэ “ИХ ЭЕ”-д бэлтгэх комиссыг 10/11 тэгш бус харьцаагаар байгуулая гэж 3 хүсэлт гаргуулан шийдвэрлүүлсэн. Маргааныг дуусгахын тулд ихэнх нь зөвшөөрч дэмжсэн. Гэтэл 05.17-ны өдөр Х.Баянмөнх аварга, Ү.Хүрэлбаатар гэж хүнтэй хамтран хэвлэлийн хурал хийж, “Маргааш “Их Эе” болохгүй. Зохион байгуулбал шүүхээр заргалдана. Ж.Ганболд биднийг төлөөлөхгүй” гэсэн зүйл хэлж “эхний эвлэрэл” талаар өнгөрсөн.

Хоёр дахь удаагийн эвлэрлийг 06.03-наас 15-ны хооронд хийх гэж оролдсон. Г.Өсөхбаяр аварга, Л.Чинбат захиралтай удаа дараа уулзсан. Л.Чинбат захирал 06.07-ны өдөр Г.Өсөхбаяр аваргатай уулзаж МҮБХ-ны тэргүүнээр Д.Мөнх-Эрдэнэ арсланг болгоё гэж хэлсэн байсан. Б.Бат-Эрдэнэ аварга үүнийг зөвшөөрсөн. Дараа нь 06.11-ний өдөр Г.Өсөхбаяр аварга Л.Чинбат захиралтай дахин уулзаж Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрч байгааг хэлтэл Л.Чинбат захирал “Д.Мөнх-Эрдэнэ арсланг болохгүй юм байна. Өөр хүн болгоё. Эхлээд намайг наадмын комисст оруулаад дараа нь ярилцая” гэсэн байдаг.

Г.Өсөхбаяр аварга Д.Рагчаа гарьд, Ц.Мягмарсүрэн заантай хамт Л.Чинбат захиралтай 3 дахь удаагаа 06.15-ны орой 18-21 цагийн хооронд уулзахад тэдний зүгээс “Хурал хийхгүйгээр МҮБХ-ны бүтэц зохион байгуулалтад хүмүүсээ томилоод явах” санал тавьсан. Хамгийн гол зөвшилцөлд хүрээгүй шалтгаан нь “Л.Чинбатыг баяр наадмын зохион байгуулах коммист оруулах” тухай санал байсан. Учир нь тухайн /06.15/ өдрийн 17 цагт Баяр наадмын комисс хуралдахдаа “Маргалдагч талуудаас төлөөлөл оруулаагүй. Бөхийн салбар хорооны даргаар Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Бөхийн салбар хорооны орлогч даргаар БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Д.Жанчивдорж нарыг томилсон” тухай албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Ингээд талуудын хоёр дахь эвлэрэл бүтээгүй. Манай зүгээс эвлэрье, нэг талдаа гарая гэдэг санал олон удаа гаргасан даа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд намрын улирлын нээлтийн барилдааны тов зарлагдсан ч цуцлагдлаа. Бөхийн өргөөг дахиад л цагдаагийн хамгаалалтад авлаа?
-Есдүгээр сарын 29-нд 20 дахь удаагийн нээлтийн барилдаан хийхээр төлөвлөж бүх бэлтгэл ажлыг хангаад байсан ч дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, Ү.Хүрэлбаатар нар нэр зүс нь үл мэдэгдэх 30 орчим залуусыг дагуулж Бөхийн өргөө рүү нэвтэрч үймээн дэгдээлээ. Өмнө 4-р сарын 14, зургаадугаар сарын 22-ны өдрүүдэд мөн хаалга цонхыг нь эвдэн дайран орж, улмаар цагдаагийн байгууллага удаа дараа хамгаалалтад авч байсныг бөх сонирхогчид мэднэ. Дээрх нөхдүүд маань уулзаж ярилцах санал шаардлага тавих байсан бол ингэж хөлсний залуус дагуулж ирэн, үймээн дэгдээж Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтанд авахуулахгүй, барилдаанууд цуцлуулахгүй байх боломж байсан. Гэвч тэд тэгээгүй. Ингээд нээлтийн барилдаанууд цуцлагдсан.

-Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дархан аварга Б.Бат-Эрдэнийг Монголын Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх эрхгүй гэж Шүүхээс шийдвэр гарсан учраас барилдаан цуцлагдлаа” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ярихгүй юу?
-Худлаа гүтгэлэг. Энэ бол шүүхийн шатанд явж байгаа асуудал. Манай зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн бүртгэгч Оюумаагийн энэ оны 4-р сарын 3-ны өдөр “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсон, түүнд бүртгэл хийж шинээр гэрчилгээ олгосон явдыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг хэлэлцэх шүүх хурлыг нөхдүүд таван удаа хойшлуулсан .Улмаар 7-р сарын 24-нд хурал болоход улсын бүртгэгчийн гаргасан шийдвэрийг нэг сарын хугацаатай түдгэлзүүлсэн.

Энэ хугацаанд бүртгэлийг зохих ёсоор хийлгэхгүй бол гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарсан. Заасан хугацаанд юу ч хийгдээгүй. Хуулийн дагуу Л.Чинбатад олгосон гэрчилгээ хүчингүй болсон. Энэ шийдвэрт гуравдагч этгээдээр оролцсон Л.Чинбат давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс 9-р сарын 26-ны өдөр “Л.Чинбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож, зарим дутуу хийгдсэн ажиллагааг нөхөн хийлгэхээр” шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал удахгүй гараад ирэх байх. Магадлал гарч ирэхэд талууд 14 хоногийн дотор гомдол гаргаж Дээд шүүхэд хянуулах боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа.

Анхан шатны шүүх рүү буцаж байгаа асуудлыг нөхдүүд “Шүүхийн шийдвэр Б.Бат-Эрдэнийг хүчингүй” гэж гарсан хэмээн гуйвуулж байна. Гэтэл “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг төлөөлөн шүүх хуралд оролцсон этгээдүүд Шүүхийн магадлалыг бичгээр албан ёсоор гардан аваагүй атлаа Шүүхээр маргаан эцэслэн шийдэгдсэн, Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүн биш, төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан…” гэх мэтээр ямар ч хуулийн үндэслэлгүй, худал гүтгэлгийг хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүдээр зориуд тараан, Шүүхийн эрх мэдэлд бүдүүлгээр халдан, нийгэмд зохиомол бухимдал үүсгэж, маш хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаад бид харамсаж байна.

Тэд “Б.Бат-Эрдэнэ аварга МҮБХ-ны тэргүүн биш гэсэн шүүхийн шийдвэр гарсан тул барилдаан цуцлагдлаа” гэх увайгүй худал цуурхал тарааж байгаа боловч үнэндээ бидний төлөвлөсөн барилдаанууд Л.Чинбат гэгчийн талаас Бөхийн өргөө рүү хүмүүс хөлслөн дайрснаас болж цуцлагдсан гэдгийг олон түмэн бүгд ойлгож байгаа. Яг л 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн хэвлэлийн хурал хийхдээ “Л.Чинбат наадмын комисст орсон” гэж худал цуурхал тараасантайгаа адил үйлдэл хийлээ, тэд.

-Маргааныг шүүхийн шатанд хэлэлцээд явж л байг. Аль нэг холбоо нь бөхийн барилдаанаа зохин байгуулаад явж болдоггүй юм уу?
-Энэ нөхдүүд өргөө, тамга тэмдэгний асуудал л яриад яваад байна. Яг бөхийн хөгжлийн төлөө юу хийх, барилдааныг яаж өөрчлөх, ямар шинэчлэл хийх тухай энэ хэдэн саруудад нэг ч зүйл ярисангүй. Сэдэл нь буруу учраас үнэхээр явцгүй, юм мэддэг хүн бол үүнийг дэмжихгүй. Ер нь барилдаан зохион байгуулах нь эд нарт хэрэгцээгүй зүйл. Бөхийн өргөө цоожтой байвал Л.Чинбатын хүмүүст ашигтай. Иймээс л 30 орчим тооны залуусыг хөлслөн дахин үймээн гаргалаа. Цөөхүүлээ ирээд зөвшилцвөл бөхийн өргөөг цагдаа хамгаалалтад авахгүй шүү дээ. Зориуд үймээн гаргаж байгаа нь барилдааныг цуцлах нэг төрлийн арга.

-Саяхан баяр наадмын допингийн шинжилгээнй хариу гарлаа. Том цолтой бөхийн нэр ч дуулдаж байна. Албан ёсоор допингийн шинжилгээний хариуг хаанаас зарлах вэ?
-Наадмын допингтой холбоотой асуудлыг хуулиараа Баяр наадмын зохин байгуулах комисс, Допингийн эсрэг үндэсний төв хоёр шийднэ. Ер нь наадмаар шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариу удаж ирдэг гэсэн асуудал яригддаг. Шөвгөрсөн 16 бөхөөс 7-р сарын 12-нд авсан допингийн шинжилгээний хариу 17-20 хоногийн дараа ирдэг гэсэн. Энэ жилийн тухайд 13 бөхийн хариу сөрөг буюу допинг хэрэглээгүй, 3 бөх асуудалтай гэсэн хариу ирсэн юм байна.

Наадмын комиссоос энэ тухай 7-р сарын 28-наас 8-р сарын 1-ний хооронд бөхчүүд рүү утасдаж хэлсэн юм билээ. Тэр гурван бөх нь “Б” шинжилгээнд хамрагдах бүрэн эрхтэй байхад бусад 13 бөхөөс допинг илрээгүй гэж зарлавал өнөө гурав нь тодорхой болчихно. Тэр нь хүний эрх зөрчсөн асуудал болох учир “Б” шинжилгээний хариу иртэл зарлахгүй байх хуультай. Үүнд мэдээж хугацаа орно. “Б” сорьцны хариу ирэхээр Баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж допинг хэрэглэсэн бөхөд хуулийн дагуу хариуцлага тооцно. Харин баяр наадмын бус үед допинг илэрвэл МҮБХ Биеийн тамир спортын тухай хууль, бусад хууль дүрэм журмын дагуу хариуцлага тооцно.

-МҮБХ-ны тэрүүлэгчид хуралдаж найман аймгийн цолыг эрэмбэнд багтаагаагүй байсан. Ямар зөрчил гарсан юм бэ?
-Үндэсний бөхийг ёс зүйтэй, дэг журамтай байлгахын төлөө хийж буй нэг ажил энэ. Орон нутгийн Үндэсний бөхийн холбоод, зарим нэг дарга эсвэл ахмад бөх өөрийн дураар авирлаж эрэмбэ зөрчин оноолт хийдэг. Үүнийг цэгцлэхийн тулд аймгуудад “Баяр наадмын оноолтоо 9-р сарын 10-ны дотор МҮБХ-нд ирүүл” гэсэн шаардлага тависан ч зарим нь ирүүлээгүй. Мөн тойргийн цолоор барилдуулсан, допингийн асуудалд орсон бөхчүүдийг барилдуулсан зэрэг зөрчил илэрсэн.

Допингийн асуудалд холбогдсон бөх барилдвал эргээд тэр наадамд барилдсан бөхчүүд гомдол гаргах зэргээр асуудал үүснэ. Ойрд тэдгээр аймгуудаас МҮБХ руу холбогдож албан хүсэлт, алдаагаа шийдвэрлэсэн тухай бичиг ирүүлж байна. Үүнийг дахин хэлэлцэнэ. Зарим тохиолдолд ганц нэгхэн хүний алдаанаас шалтгаалж олон залуусын хөлс, хүч үнэгүйдэх асуудал гарч байгаа. Тухайн асуудал дээр алдаа гаргасан хүмүүстэй тухайн аймаг хариуцлага тооцож байгаа гэсэн. Хойшдоо ч холбооны зүгээс ийм асуудлууд дээр хатуу байж шударга өрсөлдөөн ярина.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн бөхчүүдийг барилдуулсан Чойр, Говь-Алтай, Налайх дүүрэг гээд газруудын аймгийн наадмын цол чимгийг яах вэ?
-Улсын заан Б.Соронзонболд Говь-Алтайд, аймгийн арслан Б.Гончигтавхай Говьсүмбэрт барилдсан. Энэ хоёр бөхийг үндэсний бөхийн барилдаанд барилдаж байхад нь допингийн шинжилгээнд хамруулаагүй. Чөлөөт бөхийн УАШТ-ний тэмцээний үеэр Б.Гончигтавхайгаас допингийн төрөлд багтах бодис илэрсэн, Б.Соронзонболд шинжилгээнд хамрагдаагүй асуудал үүсгэсэн байсан. Үүнийг Допингийн эсрэг үндэсний төв мэдэгдэх, Чөлөөт бөхийн холбоо хариуцлага тооцох журамтай. Чөлөөт бөхийн холбоо наадмын дараа хариуцлага тооцож, тэр хоёрын барилдах эрхийг нэг жилээр эрхийг хассан байсан.

Энэ шийдвэр тухайн аймгуудад наадмаас өмнө очоогүй болохоор ээдрээтэй байдал үүсээд байгаа юм. Чөлөөт бөхийн холбооны өмнөөс бид хариуцлага тооцож болохгүй, тиймээс хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Гэхдээ одоо цэгцлээд явахаас өөр арга байхгүй. Залуучууд өөрсдөө үүнийг ухамсарлаж барилдахгүй байх хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Эрх зүйн талаас ийм чадамж байгаа юу?
-Ерөнхийлөгч өөрөө бөх хүн. Энэ маргааныг анхааралтай ажиглаж байгаа. Эд нар бөхийн өргөөнөөсөө болж маргаад байдаг юм уу гэж үзсэн ч байж болох юм. Удаан ажиглаж байгаа. Энэ үүднээс Ерөнхий сайдад бөхийн өргөөг төр авах талаар санал хүргүүлсэн болов уу. Энэ саналыг төрийн эрх бүхий байгууллагууд судалж үзээд шийдвэрээ гаргах байх. Энэ дээр нэмж тодруулахад Монгол бөхийн өргөө 1992 оны зургаадугаар сарын 4-ний өдөр шаваа тавиад баригдаж эхэлсэн.

Бөхөд элэгтэй ард түмний хандив, зөв зохион байгуулалттай баг хамт олны нөр их хөдөлмөрийн дүнд бөхийн өргөө боссон. Шав тавьсанаас хойш зургаан жилийн дотор буюу 1998 оны 2-р сар гэхэд ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн байсан юм байна. Улмаар 1998 оны хоёрдугаар сард Засгийн газарт “Бөхийн өргөөний 70 хувийг босгочихлоо, та бүхэн одоо шаардлагатай байгаа нэг тэрбум нэг зуун хорин хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлээч ээ” гэсэн хүсэлт тависан байдаг. Үүнийг тухайн үеийн засгийн газар хэлэцээд 800 сая төгрөг олгоё 322 саяыг нь хандив туслалцаа, нэр төрийн арилжаа, сугалаа зэрэг ажлуудаа дахин хийгээд ол гэсэн байна. Дараа сард нь энэ хөрөнгө, санхүүжилт шийдэгдээд 9 сарын дараа буюу 1998 оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын комисст хүлээлгэж өгсөн юм билээ. Ингэхэд улсын комисс тухайн барилгыг хоёр тэрбум гурван зуун хорин зургаан сая төгрөгөөр боссон гэсэн акт гаргасан. Үүнээс 800 саяыг нь төрөөс олгосон байна.

-Цаашдаа МҮБХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд яах вэ. Гарц гаргалгаа нь юу байна?
-Энэ асуудал дээр хоёр гарц бий. Нэг нь шүүхийн асуудлуудыг дуустал хараад явах. Үүнийг хүлээвэл нэгээс хоёр жил болно. Нөгөөх нь шүүхийн асуудлаа хаяад бөхчүүд өөрсдөө асуудлаа шийдэх боломж байх болов уу. Бөхийн өргөө хаалттай байснаар ид барилдаж байгаа бөхчүүдэд маш их хор хохиролтой. Залуучууд өөрсдийнх нь бэлтгэл сургуулилт, цалин орлого, амьдралд нь барилдаан болохгүйгээс сөрөг үр дагавар олон гарч байгаа тухай бүгд хэлж байгаа мөртлөө одоогийн Монгол хүний нийтлэг төрх болох ноомой, хүлцэнгүй зангаараа энэ асуудалд хандаад байна уу гэж бодох юм. МҮБХ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байж ахмад бөхчүүддээ цолны хишгийг нь өгнө шүү дээ.

Сүүлийн үед бөхийнхөө нэр хүндийг 2-3 бөх урьд өмнө байж байгаагүйгээр унагаж байгаа. Зарим бөхчүүд бусадтай нийлэн бөхчүүдээ гутаах, доромжлох асуудал хэрээс хэтэрлээ. Нэр бүхий өндөр цолтой 2 бөх наадмын өмнө Ү.Хүрэлбаатар гэгчтэй нийлэн хоолны газрын ширээний ард “Нэг дархан аваргынхаа түрүүлсэн түрүүнээс 2 түрүүг хасуулах, ач зээ шигээ залуухан арслан Э.Оюунболд, болон мань мэт шиг барилдахаа больсон хүмүүсийн цолыг хураалгая” гээд Ерөнхийлөгчид бичиг бичээд сууж байсан нь гутамшигтай. Улмаар өглөө бүр найруулга, үг, үсгийн алдаатай олон төлбөрт гүтгэлэг доромжилсон мэдээлэл гаргаж байсан хүмүүст хариу нь ямар нэг байдлаар ирэх биз гэж бодож байна.

О.Дашням

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here