Спортын “хатан” гэж өргөмжлөгддөг хөнгөн атлетик, тэр тусмаа хурд, хүчийг чинээнд нь тултал шаарддаг 100 метрийн гүйлтэд тогтоосон түүний ноёрхол спортын түүхэнд мөнхөд дуурсагдах алдартан дэлхийн хамгийн хурдан хүн гэх албан бус хүндэтгэлийн эзэн Усаин Болт зодог тайллаа. Олимпийн 8, ДАШТ-ий 11 алтан медаль, дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон гээд өч төчнөөн амжилт зөвхөн түүнээр овоглодог. Одоо ч 100 метр, 200 метрт үзүүлсэн түүний амжилтыг эвдэх хүн гараагүй байна. Усаин Болт 1986 онд төрсөн. Энэ хорвоод анх ирэхдээ тэр “гараан дээрээ гацаж байсан” гэж түүний ээж Женнифер ярьсан нь бий. Болт төрөх хугацаанаас арав хоног хожуу төрсөн болохоор тэр. Женнифер хүүгээ эгэл бус нэгэн гэдгийг үргэлж мэдэрдэг байсан гэнэ. Эх хүн бүр хүүхдээ энэ мэтчилэн магтах нь зүй ч хүүхэд бүр дэлхийн хамгийн хурдан хүн болж төрөхгүй шүү дээ. Олимпийн ирээдүйн аварга ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангид байхдаа л уралдаанд үргэлж ялдаг болохыг нь аав, ээж нь анзаарчээ. Тэр үеэс л хүүгээ хөнгөн атлетикийн сайн тамирчин болж чадна гэдгийг ойлгосон гэдэг. Хэдийгээр бяцхан Болт гүйх дуртай байсан ч гүйлтийн спортод ямар ч сонирхолгүй байсан гэдэг. Харин крикет тоглох дуртай байв. Аав, ээждээ ч энэ тухайгаа үргэлж хэлдэг байжээ. “Тэр ялагдах дургүй. Хэрвээ ялагдвал маш чанга орилон уйлдаг байсан” гэж Усаин Болтын эцэг “BBC Sport” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Усаин эцэг, эхээс гурвуулаа. Тэрбээр эгч Шерин, дүү Садики нартай хамт тоглож өссөн бөгөөд нийтэч хүүхэд байв. Үүний зэрэгцээ, түүний биеийн тамирын багш Лорна Торп Болтыг хөнгөн атлетикаар хичээллэхийг шахдаг байсан ажээ. Лорна Болтын хөлийг “алтны уурхай” гэж хэлдэг байв. Болт багшийнхаа зөвлөгөөнөөс маш их залхдаг байсан ч өнөөдөр тэр багшдаа маш их хөдөлмөр гаргасанд нь талархаж явдаг гэнэ. ‘Тэр яг миний хоёр дахь ээж байсан. Ахлах ангид би үргэлж түүний хараа хяналтад байдаг байв. Надад сайн сайхныг хүссэндээ тэр үргэлж намайг дагаж явдаг байлаа. Тэр миний хувь тавиланд том үүрэг гүйцэтгэсэн хүн” гэж Болт ярьжээ. Харин дунд сургуулийнх нь захирал Жексон залуу Болтод испани хэл заадаг байв. Багш нь түүнийг дэлхийгээр аялах болно гэж үздэг байжээ. “Болт сурлага муутай байсан ч охидын дунд нэр хүндтэй хүүхэд байлаа. Усаинд бүгд хайртай байсан. Түүний хичээлд тусалдаг байсан охинтой Болт хэсэг хугацаанд үерхсэн. Нэгэн өдөр би ангийнхаа хүүхдүүдтэй үерхлийн тухай яриа өрнүүлэхэд хэн нэг нь Усаин өөр сургуулийн охинтой үерхдэг гэж хэлсэн юм. Тэгээд би Усаины хичээлд тусалдаг байсан охинд хандаж, дахин түүнд тусалж болохгүй гэж захисан удаатай” хэмээн Жексон “Sunday Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Усаин Болт 2002 онд дэлхийн аваргын залуучуудын тэмцээнд оролцож, 200 метрийн зайд өөрөөсөө ахмад дөрвөн тамирчинтай өрсөлдөж, 15 насандаа аварга болсон юм. Энэ үеэс эхлэн дэлхий зөвхөн түүний тухай ярих болов. Тухайн үед Болт хамгийн залуу аваргаар тодорч байв. Мөн тэр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос “Мандаж буй од” хэмээх шагналыг хүртэж байсан удаатай. Ирээдүйн Олимпийн аваргатай гэрээ хийх гэсэн АНУ-ын хэд хэдэн коллеж болон спортын агентлагууд Болтод суралцах тэтгэлэг санал болгож байв. Энэ үед зөвхөн Рики Симмонсийн агентлаг Болттой гэрээ хийж чадсан юм. Тэрбээр “Болт маш сайн тамирчин байсан. Гэхдээ тэр гүйлтийн талбайгаас холдмогцоо сэтгэл санаа нь тогтворгүй болчихдог байлаа. Мөн тэр маш чухал тэмцээний өмнө бухимдаж, уйлдаг байсан. Энэ үед түүний ээж л зөвхөн Болтыг тайвшруулж чаддаг байсан” гэв. Болт хөнгөн атлетикийн ертөнцөд тодорч гарч ирээгүй байхад энэ спортод АНУ-ын тамирчин Жастин Гэтлин ялагдашгүй аварга байв. Гэвч Гэтлин 2004 оны Афины Олимпийн үеэр сэргээшийн хэрэгт холбогдож улмаар алтан медалиа хураалгажээ. Харин энэ үед Усаин Болт 200 метрийн гүйлтэд финалд ч шалгарч чадаагүй юм. Улмаар Болт дэлхийн алдарт дасгалжуулагч Глен Миллст ханджээ. Глен Миллс бол 40 гаруй жил дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа 22 жилд нь Ямайкийн үндэсний шигшээ багийг дасгалжуулжээ. Түүний шавь нар Олимп болон Дэлхийн аваргын тэмцээний 100 гаруй медалийг хүртсэн түүхтэй. Би Болттой ажиллаж эхлэх үед маш том асуудал түүнд байгааг олж харсан юм. Тэр авьяастай байсан хэдий ч түүний биеийн хөгжил буруу байв. Тэр өөрөө өөрийнхөө хөдөлгөөнд саад болдог байсан. Түүний техник байнга шөрмөс нь гэмтэх шалтгаан болдог байлаа. Бид дасгал сургуулилтыг байнга, тогтмол хийж, түүнийгээ видео бичлэгт буулгаж, бэлтгэлийн дараа зөвлөлддөг байсан. Тэр маш их хичээсэн” гэв. Улмаар 2008 онд Бээжинд зохиогдсон Олимпийн наадмын үеэр Гэтлиний шийтгэл дуусаагүй байв. Харин Болт Олимпийн аварга болох гараагаа эхэлжээ. Тус наадмаар хэн ч Болтыг хоёр алтан медаль хүртэнэ гэж санаагүй билээ. Мөн тэр Афины Олимпийн үеэр Гэтлиний тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм. Дөрвөн жил спортоос хол байсан Жастин Гэтлин Лондонд зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эх спортод эргэн ирсэн. Гэхдээ тэр хүрэл медаль хүртэж, Болт энэ спортод аварга гэдгээ дахин баталсан ажээ. Хэдийгээр тэд хүчтэй өрсөлдөгчид хэмээн нэрлэгддэг ч амьдрал дээр сайн найзууд ажээ. Агуу хоёр тамирчны ээж нар ч хүртэл найзууд гэнэ. “Бид хамтдаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай. Мөн бие биеийгээ тайвшруулдаг. Харин гүйлтийн зам дээр гарсан үедээ бид бие биеийгээ ялахыг мөрөөддөг өрсөлдөгч нар” гэж Жастин Гэтлин ярьжээ. Болт дэлхийн од болсон ч хүүхэд зангаа орхиогүй гэдэг. Тэр чухал тэмцээний үеэр гүйж байхдаа ч хошигнож чаддаг нэгэн ажээ. Өнөөдөр түүний эцэг эх Ямайкдаа хүүгээ эргэн ирэхийг хүлээж суудаг гэнэ. Түүний эцэг нутгийнхаа дэлгүүрт 50 жилийн туршид ажиллаж байна. Түүний сайн найз, менежер Уокер Болтыг дурсахдаа: “Болт хаанаас гаралтай гэдгээ огт мартдаггүй. Тэр суралцаж байсан сургуульдаа компьютер, автобус бэлэглэж, тосгондоо эрүүл мэндийн төв байгуулсан. Түүний эцэг эх Болтыг бусад хүмүүстэй хүндэтгэлтэй харьцаж байхыг сургасан. Заримдаа тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй мэт санагддаг. Тэр өөрийгөө од гэдгээ огт ойлгодоггүй. Нэг удаа Францад бид зочид буудалд байрлаж байхад Болт зочид буудлын лобби руу явсан юм. Тэнд маш олон хүн цугласан байсан. Энэ үед Усэйн зочид буудлын ажилтнаас тэд хэнийг хүлээж байгаа вэ. Ямар од нь энд байрлаж байгаа юм бол гэж асуусан. Харин зочид буудлын ажилтан тэд таныг хүлээж байна гэж хариулж байсан удаатай” гэв. Харин түүний эцэг эх нь Болтыг огт өөрчлөгдөөгүй нээлттэй дуулгавартай хүү хэвээр байгааг онцолсон ажээ. Түүний эцэг миний хүү огт өөрчлөгдөөгүй байна. гэхдээ тэр олон нийтийг хэрхэн уриалахаа мэддэг болжээ гэв. “Түүнийг эх спортоо орхисны дараа хэн түүний орыг эзлэх бол гэдгийг бид мэдэхгүй байна. Гэхдээ түүнгүйгээр хөнгөн атлетик маш уйтгартай байх болно” гэж ээж Женнифер нь хэлэв. Мөн тэр удахгүй эмээ болох гэж байгаагаа ч олон нийтээс нуугаагүй юм. Гэхдээ Усэйн Болт хоёр жилийн туршид үерхэж байгаа бүсгүйнхээ нэрийг одоо хүртэл олон нийтээс нууцалж байгаа билээ. Тэрбээр зодог тайлах үеэрээ “Би яагаад ийм эрт зодог тайлж байгаа гээч би гэр бүлтэй болохыг хүсэж байна” гэж хэлсэн удаатай.