“Нэг гүйх үү, сургууль дээр бууя, наад байшинг чинь ухсан байна, 6-тай дуран оллоо, мань чинь нооколчихлоо” энэ бүхэн танд танил сонсогдож байна уу? Тийм ээ, энэ бол PUBG хэмээх нэртэй видео тоглоом.
Энэхүү тоглоом нь өнгөрсөн онд БНСУ-д нээлтээ хийж, 2018 оны 3-р сараас эхлэн гар утас, таблет дээрх хувилбар нь гарснаас хойш дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа юм.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 500 сая хүн тогтмол тоглож байгаа гэх статистик байдаг бөгөөд PC, Xbox, гар утас таблет дээрх борлуулалтаараа бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байна.
Уг тоглоом ийнхүү хүчээ авахад Хятад улсын “Tencent Games” чухал хувь нэмэр оруулсан төдийгүй, өнөөдөр дэлхийн хэмжээнд PUBG тоглож буй нийт тоглогчдын 50 хувь нь Хятадууд байна.
Battle Royale буюу амьд үлдэхийн төлөө тэмцэх зорилготой уг онлайн тоглоомын онцлог гэвэл нэг дор 100 хүн интернетээр холбогдон тоглох, чатлах боломж, сайжруулсан график дүрслэл, бодит мэт орчин, өргөн уудам талбай, зогсолтгүй хөгжүүлэгч тоглоомын багийнхан зэргийг нэрлэж болно.
Мэдээж сайныг дагаад саар гэдэгчлэн, уг тоглоомыг дагасан эрсдэлүүд бий. Тун саяхан буюу өнгөрсөн 9 дүгээр сард Хятад улсын Хаймень хотод 13 настай хүү PUBG тоглоомыг ipad дээрээ тоглож дууссаны дараа 4 давхраас унаж, нас барсан байна.
Тоглоом дээр 3,4 давхар байшингаас унахад ямар ч асуудалгүй амьд үлддэг байдал нь бага насны тоглогчдод буруу үлгэр дуурайл үлдээсэн байж болох юм. Арвангурван настай Шу Тианци нэртэй хүү шөнийн нэг цаг хүртэл PUBG тоглосон бөгөөд магадгүй тоглоомынхоо орчин, сэтгэхүйгээс салаагүй нойрмог байхдаа ч тийнхүү унаж осолдсон байхыг үгүйсгэхгүй.
Хүүгийн ээж Хятадын “Tencent Game”s-ын эсрэг зарга мэдүүлэхээ мэдэгдээд байна. Ямартаа ч, бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдийг видео тоглоом тоглуулахдаа эцэг эхчүүд, ах эгч нар нь хараа хяналттай сайжруулах хэрэгтэй юм.