Нүүр хуудас Танд тустай Их бангийн балаг…

Их бангийн балаг…

579
0
нэрэлхиүү зангийн балаг
нэрэлхиүү зангийн балаг
Хүн бүр нэр төртэй, үнэ цэнэтэй, эрх, эрх чөлөөтэй. Эрэгтэй, эмэгтэй хэн боловч гэр бүлдээ айх аюулгүй, амар тайван, эрүүл саруул, эрх тэгш амьдрах эрхтэй.

Хүн хайр, хүндлэл, хамгийн эрхэм бүхнийг гэр бүл, ойр дотны хүнээсээ мэдэрч, эдэлж амьдрах хувьтай ч амьдралын хань, дотны хүнийхээ доромжлол, зодуур, бие сэтгэлийн дарамт, хүчирхийллийн бай болдог нь цөөнгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл “эр эмийн хоорондын маргаан”, “гэр бүлийн дотоод асуудал”, “амьдралд байдаг л асуудал” гэсэн хүрээнд яригдаж, ойлгогдох нь түгээмэл хэвээр байсаар байна.

Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн талаар хүмүүс үнэн зөв, тодорхой ойлголттой болох нь энэ төрлийн дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үл тэвчих нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд туйлын ач холбогдолтой юм.

Гэр бүлийн дарамт хүчирхийллийг хүмүүс ихэнхдээ гэр бүлийн дотор эхнэр нөхрийн хэн нэг нь нөгөөдөө үзүүлж буй хүчирхийлэл гэж ойлгодог. Тиймээс ч эхнэр, эсвэл нөхрийн дарамт, хүчирхийлэл ч гэж яригддаг. Харин хамрах хүрээ нь зөвхөн эхнэр нөхрөөр зогсохгүй дотны харилцаатай хүмүүс, урьд өмнө гэр бүл болж байсан, эсвэл хүүхэд нэгтэй хүмүүс, хамтран амьдрагч түүнчлэн гэр аж ахуй хамтран эзэмшиж байгаа хүмүүсийг хамарна.

Гэр бүлийн дарамт хүчирхийллийн гол зорилго нь нэг нь нөгөөдөө өөрийн хяналт, ноёрхлыг тогтоож, удаан хугацаанд барьж байх явдал юм. Энэхүү зорилгодоо хүрэх үүднээс төрөл бүрийн арга тактикийг урьдаас төлөвлөн тооцож үйлддэг бөгөөд дарамт, хүчирхийллийн аль ч хэлбэр нь хэн нэгэн хүний санамсаргүй, тохиолдлын зан авир үйлдэл байдаггүй. Мөн хүний хувийн амьдрал, хувийн нууцтай холбоотой эмзэг асуудал юм. Тиймээс ч гол төлөв бусдын нүднээс далд, хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Өөрийн ноёрхол, дарангуйллыг тогтоон эрхшээлдээ байлгах зорилго бүхий санаатай үйлдлүүд нь далд, олон дахин давтагдаж, улам бүр даамжирсан явцтай байдаг.

Эмэгтэйчүүд гэр бүлийн хохирогч байх нь элбэг ч эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж, гол төлөв үг хэлээр гутаан доромжлогдох, сэтгэл санааны дарамтад өртөх нь элбэг. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа аливаа дарамт, хүчирхийлэл хүүхдэд туйлын хор хөнөөлтэй бөгөөд тэд хамгийн ихээр зовж, шаналан сэтгэл зүйн хор хохирол амсаж байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл хүний амьдралын аль ч үед, ямар ч нөхцөл байдалд, төрөл бүрийн хэлбэрээр үйлдэгддэг. Ямар ч тохиолдолд эрэгтэй, эмэгтэй, өсвөр насны, эсвэл өндөр настан гэдгээс нь үл хамааран хүчирхийлэгчийн зан авир, үйлдлийг зөвтгөх, уламжлал, зан заншлаар тайлбарлан хаацайлж болохгүй. Гэр бүлийн хүчирхийллийн бүх хэлбэрийг нийтээр үл тэвчих нийгмийн соёлыг хэвшүүлэх нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход нэн чухал юм.

Гэр бүлийн хүчирхийлэл архи, ядуурал хоёртой салшгүй холбоотой. Мөн дээд боловсролтой, том албан тушаалтай хүмүүсийн гэр бүлд ч байдаг. Монгол хүний гэр бүлсэг, ичимтгий бүрэг, аймхай бас нэрэлхүү зан гэр бүлийн хүчирхийллийг улам далд болгож байгаа гэж би боддог.

Тэд ил гаргаж хууль хяналтын байгууллагад хандахаасаа зайлсхийж нэр төрөө, үр хүүхдээ бодож байгаа мэт боловч тэднийгээ алдаж байгаагаа ухаардаггүй. Амьдралаараа алдаад, зовоод насыг барж байгаа хүмүүс олон байдаг. Зоригтой байж, өөрийн үнэ цэнээ олж авахад хангалттай санаа тавьж чаддаггүй. Өөртөө санаа тавьж асуудлаа шийдэж чадахгүй дарамтад явсаар нэг мэдэхэд аль хэдийн нас хэвийсэн байдаг. Тэгээд “одоо өнгөрсөн хорвоо” гээд яриад сууж байдаг.

Харин энэ эцэг эхчүүдэд хажууд чинь бүх тамлал зовлон, тарчлааныг харж өссөн хүүхдүүдийн ирээдүй ямар болж байгааг төсөөлөх, ухаарах сөхөө байдаггүй. Том болж ухаан сууж эхэлсэн хүүхдүүдийн амнаас “Та ингэж зовж байхааар салаач дээ” гэдэг үгийг олон удаа сонсож эхэлдэг. Хүүхдүүд хөндлөнгөөс бас давхар хүчирхийлэлд өртөж байдаг гэдгийг өөрийн зовлон дундаа анхаарах сөхөөгүй байдаг юм. Үүнийг ухаарч сэрэх хэрэгтэй. Өөр зам бидэнд байхгүй. Асуудлыг аль болох болж бүтэх талаас нь шийдвэрлэж хүчирхийллийг таслан зогсоох ёстой. Энэ нь эцэг эхчүүд та бидний үүрэг, үр хүүхдүүд болон ирээдүйнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэдгийг ухамсарлан ойлгож ухаарах ёстой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here