Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг өвчин юм. Сүрьеэгийн нян нь ихэвчлэн уушгийг гэмтээх боловч бөөр, яс, тархи нугас гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг.
Сүрьеэгийн халдварлах зам
Сүрьеэгийн нян амьсгалын замаар дамжин халддаг учраас хэн ч сүрьеэгээр өвдөж болно. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, дуулах үед сүрьеэгийн нян агуулсан дуслууд агаарт цацагдаж энэхүү агаараар амьсгалсан хүн халдвар авдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн нэг удаа ханиалгахад 5 минут чанга ярихад ялгардагтай тэнцүү хэмжээний нян бүхий дуслууд агаарт цацагддаг байна.
Сүрьеэгийн халдвар ба сүрьеэ өвчин
Амьсгалын замаар дамжин уушгинд орсон сүрьеэгийн нянгийн эсрэг хүний бие махбодын дархлалын эсүүд тэмцэж үржлийг нь зогсоосноор нян идэвхгүй хэлбэрээр хүний биед хадгалагдана. Үүнийг сүрьеэгээр халдвар гэнэ.
Сүрьеэгийн халдварын үед ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэхгүй, бусдад халдвар тараахгүй. Сүрьеэгийн халдвар авснаа ихэнх хүмүүс мэддэггүй. Харин хүний биед идэвхгүй хэлбэрээр хадгалагдаж байгаа сүрьеэгийн нянгууд тухайн хүний биеийн эсэргүүцэл сулрахад буюу өсч үржих тохиромжтой нөхцөл бүрдсэн үед бие махбодыг өвчлүүлнэ. Үүнийг сүрьеэгээр өвчилсөн гэнэ.
Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд
– 2 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах
– Цэр, цустай цэр гарах
– Шөнө хөлрөх, халуурах
– Бие сульдаж ядрах, хоолонд дургүй болох, биеийн жин буурах
Уушгины бус эрхтний сүрьеэгийн үед:
Түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлгэ эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрэй.
Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хаана хандах вэ?
Та харьяа аймаг болон дүүргийнхээ сүрьеэгийн диспансерт болон ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны Албанд хандана уу. Мөн таны ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай.
Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх
– Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг илрүүлж, бүрэн төгс эмчлэх
– Ажлын байр өрөө тасалгаагаа агааржуулах
Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилснөөс ялгаатай юу?
Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн унтаа байдалд шилжин хадгалагдана. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур мэдэгдэхгүй, бусад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно.
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтнийг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй, улмаар сүрьеэгээр өвчлөхгүй байж болно. Таны биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно.
Оношлох
Цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ нь уушгины сүрьеэг найдвартай оношлох хямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 2 удаа тусгай саванд авна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эмчилгээний тодорхой саруудад хийдэг. Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношилгоонд хэрэглэдэг.
Хүүхдийн сүрьеэ
Сүрьеэ өвчин ихсээр дамжин халддаггүй учир жирэмсэн эмэгтэй хүүхэддээ сүрьеэ халдаах аюулгүй бөгөөд эм нь урагт гаж нөлөө үзүүлдэггүй. Ээж нь халдвартай хэлбэрийн сүрьеэтэй бол дөнгөж төрсөн нярай хүүхдийг халдвар авахаас сэргийлж (БЦЖ вакциныг хийснээс хойш 2 сарын дараа дархлаа тогтдог) ээжийг нь эмчилж халдвар ялгаруулахаа болих хүртэл ээжээс нь тусгаарлах нь зүйтэй.
Хэрэв таны хүүхэд энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорви үүссэн байдаг. Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тусгай сорил-туберкулины сорилоор мэдэж болно. Сорилыг тарьсны дараа 72 цаг болоод үүссэн гөвдрүүг хэмжиж хариуг нь тодорхойлно. Гөвдрүүний хэмжээ 5-11 мм түүнээс дээш бол халдварлагдсан гэж үздэг. Гэхдээ халдварлагдсан болгон сүрьеэгээр өвдөхгүй. Харин гөвдрүүний хэмжээ 11 мм-ээс дээш гарвал та сүрьеэгийн оношлогооны бусад шинжилгээг хүүхэддээ хийлгээрэй. Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилдөг байна.
Хүүхдүүд ихэнхдээ гэр орны хүмүүсээсээ сүрьеэгийн халдварыг авсан байдаг. Харин удамшлын өвчин биш юм. Сүрьеэгийн халдвар авах, өвчлөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь халдвар бүхий агаараар амьсгалсан хугацаа байдаг ба халдвартай сүрьеэтэй хүнтэй хамт амьдардаг хүмүүст энэ эрсдэл өндөр байдаг. Өвөө, эмээ, аав, ээж нь халдвартай сүрьеэгээр өвчлөөд хүүхэд ач, зээдээ халдварлуулж өвчлүүлснийг сүрьеэ удамшдаг гэж буруу ойлгодог.
Сүрьеэгийн эмчилгээ
Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болж онош тогтоогдвол даруй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Сүрьеэ өвчнийг үүсгэдэг нян нь гадны орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг учир үүнтэй холбоотойгоор эмчилгээ нь нэлээд онцлогтой. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд сүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог тул эмчилгээ 2 үе шаттай явагдана.
Эрчимт эмчилгээ нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр идэвхтэй нянгуудыг устгадаг бол хоёр дахь шатны буюу 4-6 сар үргэлжилдэг. Эмчилгээний өөр нэг онцлог нь эмийг өдөр бүр, хяналттай уух шаардлагатай байдаг явдал юм. Нэг өдрийн тунг л уухгүй орхивол эдгэрэх хоног нэг өдрөөр хойшилно гэдгийг санаарай.
Сүрьеэтэй нэг өвчтөнийг бүрэн эмчилж эдгэрүүлэхэд дунджаар 50 мянган төгрөгийн эм хэрэглэдэг байна. Манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд харин өвчтөн өөрийн буруугаас эмчилгээгээ орхивол цаашдын эмчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэх боломжийг битгий алдаарай.
ХЭРЭВ ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГАЖ ЭМЧИЛГЭЭГЭЭ БҮРЭН ХИЙЛГЭВЭЛ СҮРЬЕЭ ӨВЧИН ЭДГЭРНЭ.
Эмийг өдөр бүр хяналттай уух нь эмчилгээ үр дүнтэй болох гол арга юм. ДОТС буюу сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний зарчим нь эмчилгээний бүх л хугацаанд хэн нэг хүн таны эмийг хянаж уулгана гэсэн үг юм. Манай оронд эмийг хяналттайгаар уулгах олон төрлийн хэлбэрийг хэрэглэдэг ба эмээ уухад тань тусалж хянах хүмүүс нь сүрьеэгийн диспансерийн эмч, сувилагч, эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд, өрхийн эмч, сумын эмч мөн түүнчлэн танай гэр бүлийн гишүүн ч байж болно.
Ажил, амралтын дэглэм баримтлах
Хэрэв та халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол хамгийн эхэнд анхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байх явдал юм. Үүний тулд амны хаалт зүүх, цэрээ ил задгай хаяхгүй байж хэвшвэл энэ нь халдвар тархахыг багасгах арга болж чадна.
Сүрьеэгээр өвчилсөн үед биеийн жингээ алддаг бол хоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг. Аминдэм ихээр агуулсан, илчлэг ихтэй хоол идэх нь зүйтэй.
Эмчилгээний явцад архи уувал эмийн гаж нөлөө гарч эдгэрэх боломжийг багасгах ба тамхи татах нь эрүүл хүнд ч хортой байдаг учир ядарч тамирдсан уушгиа улам хордуулах хэрэггүй юм.
Сүрьеэтэй өвчтөн эмчилгээ хийлгэж байхдаа 156 хүртэл хоног эмнэлгийн хуудас авах эрхтэй ба халдвар тараахаа больсон бол ажлаа хийж болно.
Нэгэнт эдгэрсэн бол халдвар судлалын талаас хориглох ажил байхгүй боловч тоос шороотой, чийгтэй, хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар ажиллавал сүрьеэ өвчин дахин сэдэрч магадгүй юм.