Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ, Архивын ерөнхий газар “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд дэлгэлээ. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг болон Цагдаагийн ерөнхий газрын музей, Хил хамгаалах ерөнхий газрын музейн биет үзмэр зэрэг 200 орчим үзмэр бий. XX зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх зуу гаруй жилийн хугацаан дахь Монгол Улсын хууль зүйн албаны түүхэн хөгжил, ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийн эхэн үеийг тодотгон харуулахаар зорьсон. Үзэсгэлэнд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж М.Намсрайг томилсон Богд хаантаны зарлиг, М.Намсрай Богд хаантаны шагнасан тамгыг хүлээн аваад яам байгуулж, хэрэг шийтгэснийг айлтгасан айлтгал, 1913 онд Богд хаантаны зарлигаар батлагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхлэн шийтгэх хэргүүд, мөн тус яамны албан хаагчдын тангарагийн эх, яамны бүтэц, орон тоо, эрхлэн шийтгэх хэргийг тогтоосон Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн заалт зэрэг сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг тавигдсан байна. Түүнчлэн энэ үзэсгэлэнд хилийн цэргийн амьд түүх болсон дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, домогт сэргийлэгч Ж.Данзан нарын хувцас хэрэглэл, Хилийн цэрэг, Цагдан сэргийлэхийн ажилтан нарын хэрэглэж байсан буу зэвсэг, модон дохиур, бороохой, гал сөнөөгчдийн дохионы хонх, яамны байгууллагуудын захирлага, тэмдэг зэрэг биет үзмэрүүд бий.