Нүүр хуудас Улс төр Байгаль орчны салбарт Япон Улс 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Байгаль орчны салбарт Япон Улс 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

50
0
zasgiin-gazriin-butsaltgui-tuslamj
Байгаль орчны салбарт Япон Улс 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Япон улсын Засгийн газраас Монголын байгаль орчны салбарт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно.

Уг тусламжийн солилцох ноот бичигт өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар гарын үсэг зурлаа.

Монгол, Япон улс Стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй юм. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргахдаа байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг тусгасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын экологийн системийг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн судалгаа хийх, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгааг Элчин сайд Такаока Масато онцолсон юм.

Мөн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усны нөөцийг сайжруулах, БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Тиймээс Япон Улсаас олгож буй 1.8 сая ам.долларыг мөн цэвэр усны хангамжтай уялдуулахаар Засгийн газар төлөвлөж байна” гэлээ.

Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш Монголд нийт 2.8 тэрбум ам.долларын зээл, тусламж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт 195 сая ам.долларын төслийн бус буцалтгүй тусламж олгож байжээ. Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн алдагдлыг багасгах, нэн шаардлагатай бараа, материалыг худалдан авахад зориулагддаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here