Нүүр хуудас Улс төр Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

411
0
Байнгын хороо тогтоолын төслийн
Байнгын хороо тогтоолын төслийн
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 15 цаг 07 минутад  52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа даргалан хуралдуулав.

Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тогтоолын төслийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага болон нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн төслийг боловсруулсан.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр, хуулийн төслийн хэсгийг хууль санаачлагчаар нь буюу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулах хуулийн төсөл гэж ангилж, Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслийг сайд нарын эрхлэх асуудлын хүрээгээр нь тус тус ангилан тусгасан гэдгийг дурдав.

Үндсэн чиглэлийн төсөлд нийтдээ 260 хуулийн төсөл тусгагдсаныг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар-239, Улсын Их Хурлын гишүүд-17, Монгол Улсын Ерөнхийлөгч-4 хуулийн төсөл тус тус санаачлахаар, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд Засгийн газар-12, Улсын Их Хурлын гишүүд-3, Монгол Улсын Ерөнхийлөгч-1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тусгагдсан. Харин тогтоолын төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын чиглэлээр 12 хууль тогтоомж тусгагдсанаас 6 нь анхдагч хуулийн төсөл, бусад нь хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд байгаа гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан өгсөн хариултдаа, өнгөрсөн жилүүдэд Хууль зүйн сайдын баталсан журмын дагуу өргөн баригдсан хууль тогтоомжийн төслүүдэд ХБНГУ-ын туршлагаар төслийн эдийн засгийн үр дүн, зардлын тооцоог хийж ирсэн. Харин 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр хууль тогтоомжийн төсөлд нарийвчилсан шаардлагууд тавигдаж, тэр хэрээр төслийн чанар, үр өгөөж сайжирна.

Энэ хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан байгаа. Тухайлбал, хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тусгай аргачлалын дагуу тодорхойлох, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг тодорхойлох, хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх зэрэг шаардлагууд тавигдаж байгаа гэдгийг хэллээ.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа нар тогтоолын төслийн хавсралтад “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл” гэж тус тус нэмэх, хавсралтын 1 дүгээр зүйлийн “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” гэснийг “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн энэ талаархи санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here