Нүүр хуудас Улс төр Бүх хүүхдийн 80 хувьд нь ХҮҮХДИЙН МӨНГӨ олгохыг дэмжлээ

Бүх хүүхдийн 80 хувьд нь ХҮҮХДИЙН МӨНГӨ олгохыг дэмжлээ

144
0
tosviin baingiin horoo
Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгав
~Бүх хүүхдийн 80 хувьд нь ХҮҮХДИЙН МӨНГӨ олгохыг дэмжлээ~

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2018.05.24/-ний өдрийн хуралдаанаар гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол даргалав.

Хуралдааны эхэнд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн танилцуулав. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалаа.

Гишүүдийн зүгээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр бэлэн мөнгө олгох санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан тул УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here