УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийн талаар танилцуулсан юм.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нийт активын 96 гаруй хувийг арилжааны банкууд, үлдсэн хэсгийг брокер, банк бус санхүүгийн байгууллагууд эзэлдэг бөгөөд нийт валютын арилжааны 70-аас дээш хувийг 3 том банк, үлдсэн хэсгийг бусад банк, банк бус санхүүгийн байгуулагуудын хийсэн арилжаа эзэлж байна.
Үүнээс харвал манай улсын гадаад валютын зах цөөн томоохон оролцогчдын үйл хөдлөлөөс ихээхэн хамааралтай байгаа юм. Цаашилбал улирлын мөчлөг бүхий бүтэцтэй, уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай байдаг нь зарим үед ханш огцом хэлбэлзэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Судалгаагаар дотоодын зах зээл хөгжихөд тулгамдаж буй гол асуудлууд бол суурь эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт, нийлүүлэлтэд улирлын шинжтэй огцом зөрүү үүсдэг, санхүүгийн зах зээлийн бүтэцтэй холбоотойгоор цөөн нөлөө бүхий томоохон оролцогчтойн дээр оролцогчдын хоорондын итгэлцэл бага, төлбөр тооцооны эрсдэл өндөр гарч байсан.
Иймд дотоодын зах зээлийн өрсөлдөөнт байдал болон мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулахын тулд санхүүгийн зах зээлийн тодорхой шаардлагыг хангасан оролцогчид тэгш эрхтэйгээр оролцох боломжтой Арилжааны нэгдсэн платформ буюу валютын биржийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг хууль санаачлагч онцолсон.
Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байгаа тул уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
Иймээс энэхүү давхардал, зөрчил, хийдлийг бүрэн арилгаж Валютын зохицуулалтын тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиудыг нэгтгэж, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгож, валютын харилцааг бүрэн зохицуулсан, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох шаардлага зүй ёсоор үүссэн гэлээ.
Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдийн засгийн суурь бодлогын хувьд хөрөнгийн чөлөөтэй урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэм, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдал, зохицуулах харилцааны хувьд эдийн засгийн харьяат хоорондын болон тэдгээрээс эдийн засгийн харьяат бустай хийх валютын гүйлгээ,
валютын дотоодын захын зохицуулалт, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан байна.
~Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл дэмжигдлээ~
Уг хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой болох боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцүүлж, валютын захын үйл ажиллагааг зохицуулалттай болгох, бүртгэлжүүлэх, экспортын орлогоор Монгол Улсад орж байгаа валютын талаарх хяналтыг бий болгох, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хууль хяналт нэрийн дор иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг хөндсөн заалтууд олон байгааг анхаарах, экспортын орлого
Монгол Улсад бүрэн орж байгаад тавих хяналтыг сайжруулах нь энэ хуулийн гол агуулга байх ёстой, гадаад валютын тайлан тэнцэлтэй холбоотой асуудалд ажлын хэсэг анхаарч ажиллах шаардлагатай, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан их хэмжээний хадгаламж эзэмшигчдэд өндөр татвар ногдуулдаг бодлого барих, хувь хүн, аж ахуйн нэгжийн нууцад халдахгүй байх нь чухал гэсэн саналуудыг гаргажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь мөн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.