Нүүр хуудас Улс төр Вьетнамын Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзлаа

Вьетнамын Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзлаа

137
0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, тус хорооны гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр /2016.12.15/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Хоанг Дук Нам байлцав.

Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны урилгаар хүрэлцэн ирсэнд ноён Элчин сайдад талархал илэрхийлээд уулзалтын зорилгоо танилцуулав.

Тэрбээр “Хоёр улсын жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгч, бизнесмэнүүдийг холбож өгч хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна. Вьетнам улс манай улстай эдийн засаг, худалдааны ажиллагаа төдийлөн сайн биш. Тиймээс хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесмэнүүдийг холбож өгөх зайлшгүй шаардлага байна. Дэлхийн том брэнд үйлдвэрлэгчид танай улсад үйлдвэрлэлээ оруулсан байдаг. Үүнийг бид судалж, Монголд оруулж ирэх талаар та бүхнээс туршлага солилцох хүсэлтэй байна. Хоёр улсын төрийн байгууллагууд холбогдсоноор бизнес эрхлэгчдээ зуучлан уулзуулах боломжтой” хэмээн хэллээ.

Ноён Элчин сайд Фан Дан Дуонг хариуд нь “Монголын ард түмэн манай улсад хүнд цаг үед харамгүй тусалж байсан сайхан сэтгэлийг бид ямагт өндрөөр үнэлж, дурсаж, талархаж явдаг. Манай улсын хувьд Монгол Улстай эдийн засаг, худалдаа хөгжүүлэх сонирхол өндөр байдаг. Гэвч худалдаа БНХАУ-аар дамждаг учир төдийлөн сайн хөгжөөгүй. Хоёр талын хүчин чармайлтаар үүнд ахиц гарна гэж бодож байна. Хоёр улсын Ерөнхий сайд нарын харилцан тохиролцсоны дагуу удахгүй Монгол Улсад Арьс шир боловсруулах үйлдвэр барихаар болсон. Мөн манай улс Монголоос мах экспортлох өндөр сонирхолтой. Манай Худалдаа үйлдвэрийн яамны харьяанд Жижиг дунд үйлдвэрийн хороо байдаг. Энэ байгууллагууддаа таны дэвшүүлсэн саналыг уламжилж, хариу ирэнгүүт таньд мэдэгдэнэ” гэж хэллээ.

Уулзалтын төгсгөлд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесмэнүүдийг холбож өгөх энэ ажлыг маш шуурхай зохион байгуулахад талууд санал нэгдэн тохиролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here