Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн алба хаагчид бусдын эд хөрөнгийг галын аюулаас хамгааллаа

Цагдаагийн алба хаагчид бусдын эд хөрөнгийг галын аюулаас хамгааллаа

143
0

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нэгэн айлыг орон гэргүй болох аюулаас хамгаалжээ. Энэ сарын 9-ний өдрийн 14:25 цагийн орчимд тус хэлтэст “айлын гэр шатаж байна” гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс ирсний дагуу хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Мөнхзаяа, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаярын хамт очиж, галыг унтраан бусдын эд хөрөнгийг галын аюулд өртөхөөс хамгаалсан байна.

Алба хаагчдыг мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 15 дугаар гудамжинд очиход айлын гэр тоононы хэсгээсээ шатаж эхэлж байжээ. “Гэрийн хаалга гаднаасаа түгжээтэй байсан учир гэр дээр гарч галыг унтраагаад, тооноор нь орж хүн байгаа эсэхийг нягталж, шалгасан. Азаар гэрт хүн байгаагүй. Энэ үед галын дуудлага авсан Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид машинаа доор орхиод гүйж ирсэн” гэж цагдаагийн ахмад Х.Мөнхзаяа ярьсан.

Тэд галыг унтраасны дараа гэрийн эзэд рүү ярьж мэдэгджээ. Мөн гэрийн эзэд цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлсэн байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус дүүргийн 10-19 дүгээр хороо буюу уулархаг, бартаа саад ихтэй нутаг дэвсгэр хамаардаг. Дээрх гал гарсан гудамж руу Онцгой байдлын албаны машин өгсөх боломжгүй байсан тул гал сөнөөгчид машинаа доор үлдээгээд дээш өгсөж ирсэн аж.

Гэрийн эзэд гал түлчихээд, өрхөө яндандаа тулгаж бүтээгээд явсны улмаас түймэр гарсан байна. Тиймээс иргэдийг пийшин, зуухаа болгоомжтой галлах, гэрээс гарахдаа гал түлж орхихгүй байх, гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here