Нүүр хуудас Улс төр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

212
0

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Уг хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 3 дугаар зүйлийн “2016” оны гэснийг “2018” оны гэж өөрчлөхөөр тусгасан байв. Мөн төслийн 2 дугаар зүйлд энэ хуулийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байлаа.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуух асуулт гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийн талаар эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдуулсан гаалийн албан татварыг иргэн, аж ахуй нэгжид буцаан олгоно гэж тусгасан байсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэллээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Баделхан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Иймд Төсвийн байнгын хороо хуулийн төслийн дагаж мөрдөх журмын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувиар дэмжсэн юм.

Анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here