Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Штефан Дуппел нар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа тун сайн хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн үеэс хойш ХБНГУ манай нийгэм, эдийн засаг болон бусад салбарт дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд Монголын ард түмэн талархаж байдгийг онцоллоо.
Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд хөгжих боломжтой. Бид энэ боломжийг сайтар ашиглах талаар цаашид анхаарах шаардлагатай. Германы шинэ, шилдэг техник технологи, арвин баялаг туршлага тухайлбал, манай уул уурхайн салбарт орж ирэхийг бид дэмждэг. ХБНГУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах нь бидний хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ чиглэлээр эрхэм Элчин сайдыг манай улсад ажиллах хугацаанд дорвитой амжилт гарна гэдэгт итгэж байна гэж тэрбээр тэмдэглэлээ.
М.Энхболд “Германд сурч, боловсрол эзэмшсэн хүмүүс Монголд олон. Тэд олон салбарт амжилттай ажиллаж байна. Энэ сайхан уламжлалыг бид үргэлжлүүлэх ёстой. Суралцагчдын тоог нэмэгдүүлэх, инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн түлхүү бэлтгэх сонирхол бидэнд бий. Ноён Элчин сайд үүнд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.
Ноён Штефан Дуппел “Боловсролын салбарын хамтын ажиллагаа цаашид ч үр ашигтай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллах хэлбэрт ч зохих өөрчлөлтүүд гарч байгаа. Бид монгол нөхөдтэйгээ хамтарч Налайхад Ашигт малтмалын технологийн сургууль байгуулж, амжилттай ажиллаж байна. Монгол бол баялаг ихтэй орон. Гэхдээ Монголын хамгийн том баялаг бол монгол залуус. Эдгээр залуустаа дэлхийн боловсрол эзэмшүүлж, баялгаа ашиглах нь илүү оновчтой алхам болно” гэж онцоллоо.
Тэрбээр Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ үргэлжилж, хоёр орны төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зорилготой Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн ажил хэвийн явж байна. Европ даяар төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгөө танаж байгаа үед бид хэвээр авч үлдэж, илүү тэлэх бодлого баримталж байгаа нь олзуурхууштай гэв.
Монголын эрчим хүч, байгаль орчны салбарт хэрэгжиж буй төслүүдэд 100 гаруй герман мэргэжилтэн ажиллаж байна. Германд монгол иргэдийг сургаж мэргэжлийн боловсрол олгохоос гадна мэргэшүүлэх сургалт зохион байгуулах нь чухал гэж үзэж байна. Өнгөрсөн 7 хоногт хоёр орны банк хоорондын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ мэтээр Герман, Монголын хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж Элчин сайд Штефан Дуппел уулзалтын төгсгөлд хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.