Нүүр хуудас Улс төр Г.Тэмүүлэн : Нууцын зэрэглэлтэй материалд “Оюутолгой” компани хариу тайлбар ирүүлсэн

Г.Тэмүүлэн : Нууцын зэрэглэлтэй материалд “Оюутолгой” компани хариу тайлбар ирүүлсэн

120
0
gishuun-temuulen
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард тухайн үеийн Их хурлын даргын захирамжаар байгуулсан.

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Оюутолгойг шалгах ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан ч хойшлууллаа. Учир нь Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн материалын заримыг өнгөрсөн даваа гаригийн орой, үлдсэнийг нь өчигдөр хурлын товын өмнө тараажээ. Тиймээс гишүүд ажлын хэсгийн дүгнэлттэй тулгаж амжаагүй, цаг давчуу байна гэснээр хурал хойшлов.

Уг нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир даваа гаригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг албан ёсоор хѳрѳнгѳ оруулагч талд ѳгѳѳгүй” хэмээн ярьсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүдийн дөнгөж өчигдөр хүлээж авсан ажлын хэсгийн нууц материалыг өнгөрсөн долоо хоногт “Рио тинто” компани руу илгээжээ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын дөнгөж өчигдөр буюу тавдугаар сарын 7-нд хүлээж авсан Оюутолгойн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт болох нууц материалыг “Рио Тинто”-гийнхон дөрөв хоногийн өмнө буюу тавдугаар сарын 3-нд хүлээн авсан байна. Түүгээр ч зогсохгүй, Рио Тинто- компанийн зүгээс УИХ-ын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн заалт бүрд тохирох няцаалт бичиж, түүнийгээ өчигдөр Их хурлын гишүүдэд хүргүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Энд процессын алдаа гарсан юм шиг байна. Ажлын хэсгийн материалыг гишүүд дөнгөж өчигдөр орой /уржигдар/ авч танилцах гэж байна. Гэтэл байнгын хорооны гишүүдэд тараагдсан материал дээр Оюутолгой компанийн хариу тайлбар хамт ирсэн байна. Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой /уржигдар/ хүргэгдсэн материал УИХ-аас өмнө “Рио тинто”-д хүргэгдсэн байна.

Нууцын зэрэглэлтэй материалд хүртэл Оюутолгой компаниас хариу тайлбар ирүүлжээ. УИХ нь танилцаж амжаагүй байхад яахаараа шалгасан компанипаа дүгнэлтээ урьдчилаад нууцтай юутай нь өгчихдөг байна вэ, энд холбогдох албан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт бол Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюутолгой компани тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна” гэсэн юм.

Оюутолгойг шалгаж ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой гурван хавтас материал гишүүдэд тараасан бөгөөд хоёр нь нууцын журмаар, нэг нь энгийн журмаар тараагдсан байна. Төрийн нууц баримт бичгийг гаднын хөрөнгө оруулалттай компанид түрүүлж өгсөн эзнийг өчигдөр УИХ дотроосоо хайж эхлэв.

Ажлын хэсгийн дүгнэлт бүхий нууц материалыг Оюутолгой компанид байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хүргүүлсэн гэсэн мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн мөн хэлэв. Тэрээр “Ажлын хэсгийн материалыг Д.Дамба-Очир Оюутолгойд өгчихсөн байна лээ” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here