УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг.
Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.
Тэрбээр, “УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа.
Уг хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин 5 жил хэрэгжүүлэх нь зөв хэмээн үзсэн” хэмээв.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэллээ.
Тухайлбал, Х.Болорчулуун гишүүн, улсын төсөв алдагдалтай байгаа энэ үед алтны татварыг багаар тооцох нь сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдгийг хэллээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар,“Одоогийн байдлаар Монгол Улсын алтны салбарт жилд 700 орчим сая ам.долларын борлуулалт хийж байна. Үүнийг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан” хэмээв.
Европын Холбооны Улс 2021 оноос хойш гарал үүсэл нь тодорхой бус алтыг худалдаж авахгүй гэсэн мэдэгдэл гаргажээ. Тиймээс Алтны нөөц ашигласны төлбөрийг үргэлжлүүлэн 2.5 хувиар тогтоож,
Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож буй алтны хэмжээ, борлуулалтад хяналт тавих хэрэгтэй гэдгийг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа тайлбарлав.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.