Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга 02:25 цагийн байдлаар 609592 хүний санал авч урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад байна. Харин Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 495775 хүний санал авчээ. Сонгуулийн хэсгийн хороод саналын дүнгээ Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлсээр байна. Одоогийн байдлаар 1984 хэсгийн хорооноос 1973 хэсгийн хорооны санал ирээд байна.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр ирц бүх аймаг, дүүргүүдэд 50-иас дээш хувьтай гарсан учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин гадаад дахь монголчуудын санал тоолох ажиллагаа маргааш үргэлжлэх юм байна. Тиймээс маргааш нэгдсэн мэдээллийг СЕХ-ноос өгнө гэлээ.
Ардчилсан намынхан Сонгуулийн Ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлэх шаардлагыг хүргүүлсэн. Мөн үүний дараа тус намын дарга С.Эрдэнэ болон нэр дэвшигч Х.Баттулга нар мэдээлэл хийсэн юм. АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн болзолыг хангасан Х.Баттулгын анхны мэдэгдэл” гэдгийг онцолсон. Харин нэр дэвшигч Х.Баттулга “хоёр дахь шатны сонгууль дүнгээ гаргаж 610 мянган орчим хүний санал авлаа. Өнгөрсөн хугацаанд дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Монгол Улсаа хөгжүүлэх зорилготой Ерөнхийлөгч байна. Монгол яллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг эрхэмлэх ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн хүнд үед өртэй Монголыг өргүй болгоно гэсэн ажилдаа ханцуй шамлан орно” гэсэн юм. АН намынхан өглөө албан ёсны мэдэгдэл хийх гэнэ.