Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

190
0

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллахаар томилогдсон тул Улсын Их Хурлын даргад хандаж Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Уг хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Д.Дэлгэрцогтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, Байнгын хорооны дарга Н.Энхболд тус хорооны гишүүнд нэр дэвшигч Өлзийбатын Энхтөрийн талаар танилцуулга хийсэн юм.

Нэр дэвшигч Ө.Энхтөр нь 1988 онд Цагдаагийн дээд сургууль, 2001 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, мөн аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1999 оноос Мөрдөн байцаах газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2007 оноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008 оноос Мөрдөн байцаах газрын дарга, 2012 оноос нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013 оноос Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэрбээр 2016 оны 12 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигчийн талаархи танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хуулиа дээдэлж, чанд мөрдөж хариуцлагатай ажиллахыг нэр дэвшигчид захив. Ингээд санал хураалт явуулахад Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцуулга хийв. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэн санал хурааж шийдвэрлэсэн байна.

Ингээд ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 12.1 дэх хэсгийг “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэдийн тоонд үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн төслийн 25.16 дахь хэсгийг “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 25.12.1-25.12.4, 28.2, 28.4-т заасан өөрчлөлтийг тусган сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан хувилбарыг сонгогчдын бүртгэлийн төхөөрөмжийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлж буй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж төслийн 30.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 37.5 дахь хэсгийг “Энэ хуулийн 37.8, 37.11-д заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, төслийн 47.19 дэх хэсгийг “Энэ хуулийн 47.5-47.7, 47.11-47.16-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэн, хуулийн этгээдээс өгч болох хандивын хэмжээг зохицуулсан төслийн 57.1 дэх хэсэгтэй холбогдуулан хэд хэдэн гишүүн үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Учир нь уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэн 10 сая хүртэл, хуулийн этгээд 50 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив өгч болохоор тусгасан байсныг ажлын хэсэг иргэнээс өгөх хандивын хэмжээ таван сая төгрөг хүртэл байх, харин хуулийн этгээд хандив өгөх заалтыг хасах санал гаргажээ. Ажлын хэсгийн энэ саналтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Наранхүү, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ нар улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ийм үед нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах боломжгүй тул иргэн, хуулийн этгээдээс өгч болох хандивын хэмжээг хуулийн төсөлд тусгасан хэвээр нь үлдээх санал гаргасан. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгуульд нэр дэвшигч хандив авах, ялангуяа аж ахуйн нэгжээс хандив авах нь сонгууль мөнгөний уралдаан болох, нэр дэвшигч нь мөнгөний эрхшээлд орох сөрөг талтай учраас ажлын хэсгийн саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм. Ингээд санал хураалгахад ажлын хэсгийн саналын томьёолол гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй тул Ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэн 10 сая, хуулийн этгээд 50 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив өгч болохоор тусгасан төслийн заалт хэвээр үлдлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here