Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудад ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудад ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

140
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винк, Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сиряла, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт нар  Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Марк Винк хоёр тал Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл дээр хамтран ажиллаж буйг дурдаад цаашид бизнесийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг хөдөө орон нутгаар явж, Монгол оронтой танилцахыг хүсээд Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төслийн хэрэгжилтийг яаралтай дуусгах нь чухал гэв. Мөн соёл, кино урлагийн талаар хамтран ажиллах нь хоёр талын хувьд сонирхолтой сэдэв болохыг онцлоод Элчин сайдын ажилд амжилт хүсэн ерөөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзахдаа Монгол Улс социалист системтэй байх үеэс нээлттэй харилцаж ирсэн орны нэг нь Финланд болохыг дурдаад финландчуудын дунд түгэн дэлгэрсэн мөсний болон бөмбөгтэй хоккейн спортыг Монголд хөгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн модны аж ахуйг хөгжүүлэх, ойжуулах, моджуулах чиглэлд Финланд Улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

Элчин сайд Ярно Сиряла хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Тэрээр Финланд нь уул уурхайг зүй зохистой хөгжүүлэх, ойжуулах талын арвин туршлагатай орон тул эдгээр туршлагаас монголчуудтай хуваалцахад таатай байх болно гэв. Финландын бөхчүүд жил бүр Монголд ирж бэлтгэл сургууль хийдэг юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Токиод 2020 онд болох олимпийн бэлтгэлийг хоёр орны тамирчид хамтран хийвэл сайн гэж байлаа.

Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт уулзалтын үеэр тус улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй юм байна. Хоёр талын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгааг Элчин сайд онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Австри Улс нь ус цэвэршүүлэх, усны аж ахуйг хөгжүүлэх чиглэлд дэлхийд тэргүүлдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах талаар анхааралдаа авахыг хүслээ. Мөн хоёр тал дипломат харилцаа тогтоогоод 55 жил болж байгаа ч худалдаа, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж Санхүүгийн хамтын ажиллгаааны ерөнхий хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.

Элчин сайд Фридрих Штифт хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх бүрэн бололцоо байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны сүүлээр Европын холбооны ЭСЯ Монгол Улсад нээгдэх гэж буйг дурдаад энэ нь хоёр улсын харилцаанд ч чухал зүйл гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here