МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос ЖДҮ-д нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хугацаатай үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд өгсөн. Зургадугаар сарын 15-н хүртэл бүлгийн даргад өгсөн үүргийг биелүүлэх эсэх талаар Д.Тогтохсүрэн гишүүнээс тодрууллаа.
-МАН-ын Хяналтын хорооноос ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох үүргийг танд өгсөн. Та эдгээр гишүүдэд хариуцлага тооцох уу?
-Хяналтын хороо гурав дахь заалт болгоод надад үүрэг болгосон байналээ. Жижиг, дунд үйлдвэрийн зээлд холбогдсон гишүүдийн асуудлыг хурдан шийдүүлж, хариуцлага тооцох асуудлыг оруулж ир гэсэн байналээ. Хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа асуудал дээр бид юм ярьж чадахгүй байгаа юм. АТГ, Цагдаагийн байгууллага, прокурор аль болох хурдан шалгаад шийдвэрээ гаргах болов уу гэж бодож байна. Би ч бүлгийн даргын хувьд эдгээр байгууллагуудад энэ асуудлыг хурдан цэгцлэх хэрэгтэй байна гэдэг талаас нь албан бичиг өгсөн. Намаас аль болох хурдан шийдүүл, буруутай хүмүүст хариуцлага тооцмоор байна гэсэн чиглэл өгсөн. Үүнийг буруутгах арга байхгүй. Нэгэнт хамаарал бүхий компани нь зээл авсан бол Д.Дамба-Очир ч юм уу, Ш.Раднаасэдийнхтэй зүйрлэхгүй асуудал.
-Тэгэхээр ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох боломжгүй гэж ойлгож болох уу?
-Одоохондоо боломжгүй. Хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэний дараа л хариуцлагын асуудлыг ярина.
-Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд гишүүн тойргийг нь булааж авах гэж ийм зүйл хийж байна гэсэн мэдээлэл өгсөн. Танай намд тойргоо булаацалдсан зүйл болоод байгаа юм уу. Үүнтэй холбоотойгоор ирэх жилийн сонгуулийн томсгосон тойргоор явуулна гэсэн ч мэдээлэл гараад байна?
-Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслөө бэлэн болгоод өргөн барих гэж байгаа. Үүн дээр ямар нэгэн тойрог томсгосон зүйл байхгүй. Хуучин төслөөрөө өргөн барина. Хэлэлцүүлгийн явцад шийднэ. Тойргийн хуваарилалтыг хууль гарсны дараа УИХ хуулийнхаа хүрээнд тогтоолоор шийддэг асуудал. Тэгэхээр 2020 оны нэгдүгээр сард ч юм уу шийднэ.
эх сурвалж: itoim.mn