Нүүр хуудас Улс төр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Цэргийн гавьяаны одонг гардуулав

Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Цэргийн гавьяаны одонг гардуулав

173
0
zewsegt-huchnii-167 -angi
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зүүж өглөө /2019-03-12/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж, Цэргийн гавьяаны одонг тус ангийн туганд ёслол хүндэтгэлтэйгээр зүүж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан тус ангийн үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж:

“Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилчин, албан хаагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид аа.

Эрхэм зочид, ахмад дайчид аа.

1973 онд тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасан БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хамт олон, зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Тус анги БХЯ-ны сайдын 1973 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн н/228 тоот тушаалаар Даланзадгад суманд анх шаваа тавьж байсан үеэс хойш эдүгээ 46 дахь хавартайгаа золгож байна.

Түүхэн замналынхаа хугацаанд Мотобуудлагын тусгай батальон, Мотобуудлагын тусгай хороо, Мотобуудлагын бригад, 2002 оноос Мотобуудлагын тусгай хороо зэрэг бүтэц, орон тоотойгоор Монгол Улсын стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.

~Зэвсэгт хүчний 167 дугаар анги Цэргийн гавьяаны одон хүртлээ~

Танай ангийн хамт олон Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ-ын даргын нэрэмжит цогцолбор шалгалтуудад тогтмол амжилттай дүн үзүүлж цэргийн сургалт бэлтгэлээр “Тэргүүний анги”-ийн болзлыг удаа дараа биелүүлж, байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг хангаж, НҮБ-ын энхийг дэмжих болон Олон улсын бусад ажиллагаанд оролцож үүргээ амжилттай биелүүлж ирсэн билээ.

Дээрх үйл хэргийг бүтээхэд гар бие оролцож ирсэн үе үеийн удирдлага, ахмад үеийнхний үйл хэргийн залгамжлал, өнөөдөр эх орондоо тангараг өргөн эр цэргийн албанд мөр зэрэгцэн албаа хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, ирээдүй өөд итгэлтэй тэмүүлсэн цэргийн алба хаагчдын хүч хөдөлмөр, нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлийг Монгол Улсын төр, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өндрөөр үнэлж, “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасныг гардуулж байгаадаа баяртай байна.

Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин”-ийг бэхжүүлэхэд цэргийн сургалт бэлтгэл, албаны бэлэн байдал, цэргийн алба, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Батлан хамгаалах салбарын эрх зүйн өөрчлөлтийг амьдрал, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг зорилтууд та нөхдийн өмнө тавигдаж байна.

Энэ зорилго зорилтуудыг ханган биелүүлэхэд шинээр одон авсан, баялаг түүхтэй танай ангийн хамт олон манлайлж, Зэвсэгт хүчний тэргүүн эгнээнд байж Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэж байна.

Та бүхний цаашдын ажил үйлсэд улам их өндөр амжилтыг хүсье” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here