Нүүр хуудас Улс төр Их хурлын дарга ОХУ-д айлчилж байна

Их хурлын дарга ОХУ-д айлчилж байна

173
0

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийхээр Москвад ирлээ.

Тэрбээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэллээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.

Ноён Б.Грызлов хөрш зэргэлдээ оршдог төдийгүй найрамдал, хамтын ажиллагааны олон жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Монголын ард түмнийг бид гүнээ хүндэтгэдэг хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглээд “Дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмэн бидний үнэнч нөхөр байж, туслан дэмжсэнийг Оросын төр, ард түмэн мартдаггүй. Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан оролцож, Монголын зэвсэгт хүчний дайчид Ялалтын парадад жагссан нь бидний энэхүү хүндэтгэлийн нэгэн илэрхийлэл юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Тэрбээр бидэнд улс орноо хөгжүүлэх, эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэх нийтлэг сонирхол бий. Үүнд хоёр намын хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хөршүүдийн харилцааны хүрээнд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Эдийн засгийн коридор” байгуулах хэлэлцээнд 30 гаруй төсөл багтаж байгаагийн дотор зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн олон төсөл бий. Тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд эрх баригч улс төрийн хүчин болох “Нэгдмэл Орос” нам болон Монгол Ардын Нам онцгой анхаарал хандуулах ёстой. Хоёр орны хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Өнгөрсөн оны байдлаар бараа эргэлтийн хэмжээ 1.1 тэрбум ам доллар байгаа нь чамлалттай байна. Гэхдээ 2000 онтой харьцуулахад энэ үзүүлэлт 6 дахин нэмэгдсэн гэлээ.

Ноён Б.Грызлов “Нэгдмэл Орос” нам өнгөрсөн 9 дүгээр сард болсон Төрийн Думын сонгуульд 450 мандатын 343-ыг авсан. Танай нам улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага парламентын сонгуульд үнэмлэхүй олонхийн санал авсанд баяр хүргэе. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн дэмжлэг чухал. Хоёр нам энэ чиглэлээр амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсанд нь Б.Грызловт баяр хүргээд бидний айлчлал, энэ үеэр гарын үсэг зурах баримт бичиг хоёр намын хамтын ажиллагаанд чухал үйл явдал болж байна. Өнгөрсөн 1 дүгээр сард миний бие ОХУ-д айлчилсан. Энэ үеэр Их өрийн үлдэгдлийг нэгмөсөн шийдсэнээр хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд таатай, шинэ орчин үүсэн бий болсон.

Түүнчлэн “Нэгдмэл Орос” нам Думын сонгуульд, манай нам энэ оны VI, X сард явагдсан хоёр сонгуульд ялалт байгууллаа. Ийнхүү хоёулаа засгийн эрх барьж буй нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд амжилттай хөгжих суурь нөхцөл болж байна. Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжих хандлагатай боллоо. Хөрш 3 улсын тохиролцоог ажил хэрэг болгох нь чухал гэдэгтэй санал нэг байна. Энэ тохиролцоогоор “Эдийн засгийн коридор” байгуулах төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулахаар тохиролцсон. Энэ талаар та бүхэн анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Намуудын хамтын ажиллагааны хүрээнд намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн гэх мэт төрийн бус байгууллагуудын хэлхээ холбоог бэхжүүлэх нь чухал юм. Манай намын залуучуудын байгууллага “Нэгдмэл Орос” намын дэргэдэх “Молодая гвардия” байгууллагатай хамтран ажиллахаар болсон нь сайхан эхлэл боллоо. Түүнчлэн намын улс төрийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах, “Нэгдмэл Орос” намын сонгуулийн сурталчилгаа, мэдээллийн туршлагаас бид суралцан судлах саналтай байна гэв.

Тэрбээр “Парламент хоорондын болон бизнес эдийн засгийн харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэх, ашиглаж чадахгүй байгаа боломж нөөцийг бүрэн ашиглах нь стратегийн түнш, хамтын ажиллагааны баялаг уламжлалтай манай хоёр орны хувьд нэн чухал. Үүнд хоёр нам гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

Уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар харилцан үг хэлж, хоёр улс болон намуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Дараа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов нар намуудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here