Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийж, мөн үеэр зохион байгуулагдсэн Дохагийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад оролцов.
Сайд Д.Цогтбаатарыг 12 дугаар сарын 15-ны өдөр Катар Улсын Ерөнхий сайд Шейх Абдулла бин Насер Аль-Тани хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар мэдээлж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой салбар чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Мөн Катар Улсыг Улаанбаатар хотноо Элчин Сайдын Яам нээн ажиллуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Сайд Д.Цогтбаатар Дохагийн Форумын нээлтийн хуралдаанд оролцож, Форумын хүрээнд Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений Бага хурлаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт мөн оролцов.
Энэ удаагийн Форум нь “Харилцан хамаарал бүхий өнөөгийн дэлхий дахинд бодлого тодорхойлох нь” гэсэн сэдвийн хүрээнд энхтайван, аюулгүй байдал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх асуудлыг хэлэлцлээ. Катарын Эмир Форумыг нээж хэлсэн үгэндээ, Катар Улс нь улс төрийн өөрчлөлт шинэчлэл, дэлхий дахины тогтвортой байдлын төлөө тууштай байхаа нотлон илэрхийлэв.
2018 оны Дохагийн форумд Катарын төр Засгийн удирдлагаас гадна ЕНБД, НҮБ-ын ЕА-н Ерөнхийлөгч, Катар, Монгол, Иран, Турк, Япон, Румын, Кени, Мали, Филиппины Гадаад хэргийн сайд нар, Нобелийн Энхтайвны шагналт Надиа Мурад, Мюнхений Аюулгүй байдлын Бага хурлын дарга, дэлхийн томоохон судалгаа шинжилгээний хүрээлэн, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.