Кувейт Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нарт бараалхав.
Тэрбээр Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахын амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Монгол, Кувейт хоёр улс нь харилцан хүндэтгэл дээр суурилсан найрсаг харилцаатай болохыг дурдаж, бэрхшээлтэй цаг үед хоёр улс бие биедээ туслаж байсныг онцлон тэмдэглэв.
Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монголыг дотны андаа хэмээн үздэгээ илэрхийлсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Гадаад харилцааны сайд Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах-т бараалхахдаа тус улсын Засгийн газраас Монгол Улсын түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барих, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.
Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын иргэн Бадр Аль-Байжаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгөв.