Нүүр хуудас Улс төр Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

175
0
гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг
гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг

Мөн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д тусгагдсан зорилтот арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц аж.

Иймд малын генетик нөөцийн талаар баримтлаж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсын олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулжээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох аж. Мөн оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчилан тогтоосноор Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэх гэнэ.

Малын генетик нөөцийн тухай хуулийн батлагдсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг Ажлын хэсэг боловсруулж, салбарын эрдэмтэн, судлаач, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулан 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, яамны цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан хэмээн сайд хэллээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Тэрбээр, Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр 2011 онд хийсэн судалгаагаар уг хуульд бусад хуультай давхардсан 23, зөрчилтэй 10, хийдэлтэй 11 заалт байгааг тогтоосон байдаг.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийг чиглүүлэн оновчтой хөтлөн явуулах, шаардлагатай мэргэжпийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах, үйлдвэрлэлд ойр нөхцөлд тогтвортой ажиллах боломжийг хангах асуудал орхигдож, түүнээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл цаашид ихсэх хандлагатай болж байна.

Иймд хууль санаачлагч Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан малын удмын санг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийн талаархи ойлголтыг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томьёолон, энэхүү нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ хэмээн танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав нар хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хуулийн төслийг улам боловсронгуй болгож зарчмын шинжтэй гол асуудлуудыг тодорхой тусгах, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малын удам угсаа, үржпийн асуудал чухал тул хяналт бүртгэлжүүлэлтийн асуудалд онцгой анхаарч цогцоор нь шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн малчдад малын удмын санг хамгаалах талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, мэдээлэл, мэдлэг олгох асуудлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй, УИХ-ын гишуүн Ц.Гарамжав ажлын хэсэг хуулийн төсөлд тусгагдсан гадаад үг хэллэг нэр томьёо, зарчмын саналууд төслийн боловсруулалтад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, М.Билэгт, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here