Нүүр хуудас Улс төр Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо

138
0
Өнөөдрийн байнгын хороо
Өнөөдрийн байнгын хороо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Төв банкны тухай хуулийн дагуу   Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрддэг билээ. Хуульд УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ. Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны хугацаа дуусгавар болсон тул шинэ томилгоо хийж байгаа юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулав. Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшжээ.

Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд нэр дэвшигчдид хандаж асуулт асууж, үг хэлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилгоог дэмжлээ. Мөн өмнө нь ажиллаж байсан дарга, гишүүдийг чөлөөлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here